Ливэрпүүл клуб АПЛ -ийн 15 дугаар тойргийн хуваарь ёсоор Лондоны Вэстхэм клубыг Анфилд цэнгэлдэхдээ хүлээн авч тоглолоо. Дасгалжуулагч Брэндан Рожэрс энэ удаад Норвичийг буулган авсан гарааны бүрэлдэхүүнийг бараг өөрчлөөгүй бөгөөд багийн дэд ахлагч Даниэл Аггэр л биеийн байдлын улмаас тоглолтонд оролцож чадаагүй юм. Харин түүнийг орлож Франц хамгаалагч Мамаду Сако талбайд гарлаа.
Тоглолтын эхнээс л талбайн эзэд санаачилгыг гартаа аван тоглож байсан бөгөөд Фэлиппэ Коутиньогийн “хутга” мэт дамжуулалтууд Алхнуудын хамгаалагчдыг сандаргаж байсан юм. Гэвч Улаануудын довтолгооны төгсгөл хангалтгүй байлаа. Луис Суарэз, Рахим Стэрлинг, Жордан Хэндэрсон нарын ээлж дараалсан довтолгоо амжилтгүй болсоор байсан бөгөөд 21 дэх минутанд Алхнууд нэгэн аюултай довтолгооныг өрнүүлсэн. Вэст хэмийн тоглогч Жарвисын зүүн жигүүрээс өгсөн хөндлөн дамжуулалтыг Модибо Майга мөргөсөн боловч Симон Минолье багагүй ур чадвар гарган хаалаа.
Эхний үеийн төгсгөлд Улаанууд илүүтэй бөмбөг эзэмшиж, довтолгоон өрнүүлж байсны үр дүн нь гарлаа. Глэн Жонсоны мөргөж өгсөн дамжуулалтыг Луис Суарэз хаалга руу шууд цохиход хаалгач Юсси Яаскилайнэн хаачихав. Гэтэл ойж ирсэн бөмбөгийг хамгаалагч Гая Дэмэл зайлуулж чадалгүй өөрийн хаалгандаа оруулах нь тэр. Ингээд Ливэрпүүл тооны давуутай болсон бөгөөд нэгдүгээр үеийн шүүгчийн мэдлийн цагт талбайн зочид аюултай довтолгоон өрнүүлсэн ч амжилтгүй болсноор эхний хагас 1:0 харьцаатай өндөрлөсөн юм.

Тоглолтын 2 -р үе эхлээд удаагүй байхад Улаанууд чөлөөт цохилт гүйцэтгэх эрх авсан бөгөөд Стивэн Жэррардын дамжуулалтаар “шинэ цэрэг” Мамаду Сако гоолдож тооны харьцааг холтголоо. Давтан бичлэгийг харсан ч яах аргагүй Сакогийн гоол байсан бөгөөд тэрээр Улаануудын бүрэлдэхүүн дэх анхны гоолоо орууллаа.

55 дахь минутанд баруун жигүүрээс багийн ахлагч Стивэн Жэррард хаалга руу цохилт гүйцэтгэв. Энэ үед ахлагчийн баруун гуяны арын шөрмөс татсан тул тэрээр шууд сэлгээ захиалж, суусан юм. Тоглолтын дараа Брэндан Рожэрсоос Стивигийн бэртлийн талаар асуухад “Одоогоор ямар нэгэн мэдэгдсэн зүйл алга. 48 цагийн дараа бүх зүйл тодорхой болох байх. Жэррард цохилт гүйцэтгэх үед баруун гуянд нь өвдөлт мэдрэгдсэн тул тэрээр эрсдэл хийхийг хүсээгүй. Шуудхан сэлгээ захиалсан юм” хэмээн хариулжээ.
Ахлагчийн орлож талбайд Лукас Лэйва гарав. 2 гоолын зөрүүтэй болсон ч талбайн эзэд түлхүү довтолгоон өрнүүлсэн. Харин 66 дахь минутанд Жарвисын өгсөн дамжуулалтыг зайлуулах үедээ Мартин Шкртэл алдаа гаргаж, өөрийн хаалгандаа гоолдчихов. Словак хамгаалагч маань Халл Ситигийн эсрэг тоглохдоо мөн л өөртөө гоолдсон билээ. Тооны харьцааг ойртуулж чадсан Алхнууд довтолгооноо улам эрчимжүүлж эхэллээ. Харин 80 дахь минутанд Глэн Жонсонгийн баруун жигүүрээс өгсөн дамжуулалтыг Луис Суарэз амжилттай мөргөснөөр Лондоны багийн найдварыг нэгмөсөн тасалж орхилоо. Энэ нь түүний АПЛ -т оруулж буй 14 дэх гоол нь болсон байна. Суарэзийн хувьд АПЛ -ийн багуудаас гоолдож үзээгүй 3 -хан клуб байсны нэг нь Вэстхэм юм.

Үүнээс 3 минутын дараа Алхнуудын ахлагч Кэвин Нолан бүдүүлэг алдааг Жордан Хэндэрсон дээр гаргасан тул талбайгаас хөөгдлөө. 84 дэх минутанд Луис Суарэз торгуулийн шугамны гадаа эсрэг багийн хамгаалагчдыг хууран хаалга руу шууд цохьсон нь гоол болчихов. Удаашруулсан бичлэгээс харвал түүний цохьсон бөмбөг Жой О’Брайны нуруунаас хачир авч хаалганд оржээ. Ингэснээр энэ тоглолтонд 4:1 харьцаатай хожил байгуулж, Улаанууд ээлжит 3 оноогоо халаасласан юм.
Түүнчлэн энэ тоглолттой зэрэгцэн явагдсан Чэлси, Ман Сити багуудын тоглолт анхаарал татаж байсан бөгөөд тэд хоёул оноо алдснаар Ливэрпүүл 30 оноотой болж, 2 -р байр руу дэвшсэн юм. Улаанууд ирэх Ням гарагт Лондонд зочилж, Тоттэнхэмийн эсрэг 16 -р тойргийн тоглолтоо хийх болно.
Вэстхэмийн эсрэг өөрийн ур чадвараа дахин нотлон харуулсан Луис Суарэзийг энэ тоглолтын шилдгээр нэрлэж байна. Тэрээр 14 гоолтой болж, лигийн мэргэн буучдын жагсаалтыг ганцаараа тэргүүлсэн хэвээр үлдсэн. Түүнээс гадна Улаануудын багийн ахлагч Стивэн Жэррард 6 ассисттай болж, Арсеналын Мэсут Озилын хамтаар тэргүүлж эхэлсэн байна.

Б.Бадруул
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл