Олон улсын гэрэл зурагчид Эрдэнэт үйлдвэртэй танилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Үндэсний брэндийн зөвлөл, Гэрэл зурагчдын нэгдсэн холбоо зэрэг төр, засгийн болон ТББ-ууд нэгдэн манай орныг сурталчлах зорилготой “Өнөөдрийн Монгол” сэдэвт төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Энэхүү төслийн хүрээнд манай улсад олон улсын нэртэй гэрэл зурагчид ирсэн бөгөөд ажлын шугамаар Эрдэнэт үйлдвэрт зочлов.

Тодруулбал, Японы мэдээллийн агентлагийн К.Такаши, мөн улсын “Кодо нюьс”-ийн Н.Хатта, ОХУ-ын ТАСС агентлагийн С.Бобылёв, “Спутник” агентлагийн В.Астапкович, мөн “Риа Новости”-гийн Ю.А.Гармеев, ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин  Цыбик Ивановна, БНХАУ-ын CCTV агентлагийн Төмөрголт, “Синьхуа” агентлагийн Асхан, Бай  Хиегү  нарын гэрэл зурагчид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай, Баяжуулах үйлдвэрийн техник технологи, тоног төхөөрөмж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцлаа. Монголын Гэрэл зурагчдын нэгдсэн холбооны нарийн бичгийн дарга, гэрэл зурагчин Ц.Батбаатар: “Манай улсаас Л.Ганзориг, В.Баттулга, Б.Чадраабал, С.Бадамханд нарын гэрэл зурагчид ажлын багт оролцон ажиллаж байна.
Гадаад, дотоодын гэрэл зурагчид долоо хоногийн хугацаанд манай оронд байж УИХ-ын гишүүд, иргэд, олон нийттэй уулзаж, Төв, Дархан-Уул, Орхон аймагт зочлон малчин айлаар орж, гэрэл зураг авч орчин үеийн Монгол орны түүх соёл, унаган байгаль, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, хүмүүсийн аж амьдралын тухай олон сайхан бүтээл гарган, өөр өөрсдийн сувгаар дэлхий дахинд түгээх зорилготой юм” гэв.

Энэ үеэр ОХУ-ын Буриад улсын нэрт гэрэл зурагчин Целовальникова Светлана-Цыбик Иваноновагаас сэтгэгдлийг сонсоход: “Монгол оронд дахин ирж Эрдэнэт үйлдвэрт зочилсондоо баяртай байна. Энд миний олон сайхан найз нөхөд бий. Тэдэнтэйгээ дахин уулзаж, нэгэн зорилгын төлөө хамтран ажиллах болсондоо баяртай байна” гэж онцлов.

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн биржийн арилжааны борлуулалт нэг тэрбум ам.доллар давлаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 25 багц …