МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн шийдвэрээр Монголын чөлөөт бөхийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Л.Энхбаяр болон Монголын таеквондогийн холбооны багш дасгалжуулагч Л.Отгонбаатар нарыг МҮОХ-ны тэргүүн дээд шагнал “Алтан од” одонгоор шагналаа.
Шагналыг ОУОХ-ны Гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар нар гардуулж, спорт, олимпизмыг хөгжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж буйд талархал илэрхийлэв.
МУГТ Л.Энхбаяр нь 1979 оноос чөлөөт бөхийн спортоор хичээллэж, “Бээжин 1990” Азийн наадмын мөнгө, “Шинэ Дели 1991” АШТ-ний алтан медалийг эх орондоо авчирсан билээ.
Түүнчлэн тэрбээр “Сөүл 1988”, “Барселон 1992” Олимпын наадмуудад Монгол улсаа төлөөлөн оролцсон бөгөөд “Буянт ухаа” спорт цогцолборын даргаар олон жил үр бүтээлтэй ажилласан байна.
Л.Отгонбаатар нь 1991 оноос эхлэн таеквондогийн дасгалжуулагч, олон улсын шүүгчээр ажиллаж байгаа бөгөөд 2019 оны пара таеквондогийн ДАШТ-нд баг тамирчдаа амжилттай дасгалжуулж, “Токио 2020” Паралимпын наадмын анхны 2 эрхийг Монгол улсдаа авчирсан шилдэг дасгалжуулагч юм.