Кино найруулагч П.Лхагвадулам, “Гуру Медиа” продакшн, Францын “Аврора фильмс” компанийн хамтын бүтээл “Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино Швейцарын Локарно хотноо энэ сарын 6-16-ны өдрүүдэд болсон Локарногийн олон улсын 78 дахь удаагийн кино наадмын “Онцлох кино”-ны нэгээр шалгарлаа.
Локарногийн кино наадмын уралдаант шалгаруулалтын хэсэгт Монгол Улсаас анх удаа сонгогдсон тус киноны нээлтэд гол дүрийн жүжигчин М.Алтаншагай, М.Аззаяа, “Аврора Фильмс” компанийн уран бүтээлч К.Катя нар хүрэлцэн ирж оролцлоо.
Нийслэл Улаанбаатар хотын амьдрал, залуу гэр бүлүүдэд тулгамдсан асуудлыг хөндсөн тус кино Монголын хээр тал, нүүдэлчин амьдралын хэв маягийн тухай хэвшмэл нийтлэг ойлголтыг шинэчлэх, орчин үеийн бүтээн байгуулалт, хотжилт, залуусын амьдралыг шинэ өнцгөөр харуулахад хувь нэмэр оруулсан гэж үзэгчид сэтгэгдлээ хуваалцсан байна.
Энэ жил кино наадмын уралдааны гурван ангилалд 25 орны 40 кино бүтээл шалгарч өрсөлджээ.
“Урагшаа харсан цонх” богино хэмжээний кино нь тус кино наадамд Монгол Улсаас шалгарсан анхны уран бүтээл болж байгаа юм.
Киноны гол дүрд жүжигчин Мөнхбатын Аззаяа, Мөнхнасангийн Алтаншагай нар тоглосон бол туслах дүрд Цогбадрахын Оюунцэцэг, Бат-Оршихын Одгэрэл, Сүхбаатарын Сарангэрэл, Шагдаржавын Батбаяр нар тогложээ.
Продюсероор Катя Хакак (Аврора Филмс), Х.Оюундарь (Гуру Медиа) нар ажиллаж, зураглаачаар Vasco Viana (Португал), камерийн 1-р туслахаар Selma Lopes (Португал), дууны инженерээр Benjamin Silvestre (Франц) ажилласан бөгөөд бүтээлд Монгол, Франц, Хонг Конгийн нийт 50 гаруй уран бүтээлч хамтран ажилласан байна.




Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл