Сумын начин Э.Ганболд гурав дахиа түрүүллээ

Монголын үндэсний бөхийн холбооноос сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг Сумын цолтон болон бөхчүүдийн 128 дахь удаагийн барилдаанд 576 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Баруунтуруун сумын харьяат, “Хилчин” спорт хороо, сумын начин Эрдэнэсүрэнгийн Ганболд гурав дахиа түрүүлж, Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат, сумын заан Отгонбаатарын Учралбаяр анх удаагаа үзүүрлэв.

Гуравт Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат, сумын заан О.Дондов шалгарсан бол тавд Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, Эв Монгол клубын бөх, сумын заан Д.Нарантулга, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын харьяат, Эв Монгол клубын бөх, сумын заан Н.Батсуурь нар шалгарлаа.

Есөд “Эв Монгол” клубийн бөх, Өмнөговийн заан С.Баярбаатар, Архангайн заан О.Цэрэнпунцаг, Завханы заан Б.Цэнд-Очир, Баян-Өлгийн заан Б.Жарданбек нар үлдэв.

“Үнэнч үзэгчдийн нэрэмжит дайчин барилдааны шагнал”-ыг Дорноговь аймгийн Улаанбадрах сумын заан Наранбатын Батсуурьд, “Уран барилдааны шагнал”-ыг сумын заан О.Дондовт улсын заан Ц.Гомбодоржийн охин Орхонсэлэнгэ, “Цолд ойрхон бөх”-ийн шагналыг сумын заан С.Баярбаатарт аймгийн заан Н.Жамъянсүрэнгийн ач охин, “Янжка‘с терафиХХК-ийн захирал Д.Янжиндулам нар тус тус гардуулсан юм.

Дараагийн барилдаан ирэх долоо хоногийн бямба, ням гарагт Алтан цомын төлөөх шилдэг 8 багийн эхний тойргийн барилдаануудаар үргэлжилнэ.

 

 

Санал болгох мэдээ

Монголд Барселона клуб хүүхдийн академи байгуулна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Испанийн алдарт Барселона клубын (FC Barcelona) Ерөнхийлөгч Жоан …