2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.
Хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.
Хөл бөмбөгийн анхны ДАШТ-1930
1928 оны тавдугаар сард Итали, Швед, Испани, Холланд, Уругвай улсууд ФИФА-д (Олон улсын хөл бөмбөгийн холбоо, ОУХБХ) саналаа ирүүлсний дараа анхны ДАШТ-ийг Уругвай улсын нийслэл Монтевидео хотод явуулахаар шийдвэрлэсэн юм. Уругвай улсын тусгаар тогтнолын 100 жилийн ой, мөн тус улсын шигшээ баг 1924, 1928 оны зуны олимпын наадмын хөл бөмбөгийн аварга цолыг дараалан хүртээд байсан нь уг шийдвэрийг гаргахад голлон нөлөөлжээ.
Мөн Уругвай улсын эрх баригчид оролцогч улсуудын багийн гишүүдийн тус улсад байх зардлыг хариуцахаар амласан байна. Хэдийгээр тус улс эдийн засгийн хүнд нөхцөлд байсан боловч 90000 хүний суудалтай “Сентенарио” цэнгэлдэх хүрээлэнг наймхан сарын дотор барьж ашиглалтад оруулжээ. Тус цэнгэлдэх хүрээлэнд 1930 оны долоодугаар сарын 13-30-ны өдрүүдэд ДАШТ-ий бүх тоглолт явагдсан юм. Анхны ДАШТ-д өмнөд Америк тивээс 7 (Аргентин, Бразил, Чил, Парагвай, Перу, Боливи, талбайн эзэд Уругвай), хойд Америк тивээс 2 (АНУ, Мексик), Европ тивийн 4 улс (Бельги, Франц, Румын, Югослав, тухайн үед Европ тивээс Өмнөд Америк руу зорчиход хүндрэлтэй байсан тул Европын олон улс оролцоогүй юм) нийт 13 улс оролцжээ. Багууд
- Аргентин, Чили, Франц, Мексик
- Югослав, Бразил , Болив,
- Уругвай , Румын , Перу
- АНУ, Парагвай, Бельги гэсэн дөрвөн хэсэгт хуваагдан тоглож, Уругвай-Югослав, АНУ-Аргентин улсууд хагас шигшээд шалгарснаас Уругвай, Аргентины багууд шувтаргын тоглолтод учраа таарч Уругвай улсын баг ДАШТ-ий анхны аваргаар тодорч байсан бол АНУ гуравдугаар байр, Югославын баг дөрөвдүгээр байрыг эзэлж байлаа.
ДАШТ-ий үеэр 37 хөл бөмбөгчин нийтдээ 70 гоол оруулснаас Аргентины хөл бөмбөгчин Гильермо Стабиле 8 гоолоор шилдэг довтлогчоор шалгарсан байна. Анхны ДАШТ-ий аваргаар шалгарсан багт Жюль Римегийн “Ялалтын бурхан” шилжин явах цомыг гардуулсан ба 1970 онд бразилчууд дэлхийн аваргаар 3 дахиа түрүүлэхэд нь үүрд хадгалуулан өгчээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл

