Тавдугаар сарын 4-ний даваа гаргаас эхлэн Францад суралцаж бүх оюутан өөрсдийн орлогын хэмжээнээс үл хамааран их сургуулиудын хоолны газарт 1 еврогоор үдийн хоол идэх боломжтой болж байна.
Өмнө нь зөвхөн тэтгэлэг авдаг оюутнууд ингэж хооллох боломжтой байсан бол одоо тус улсын бүх 3 сая гаруй оюутанд ийм боломжийг олгожээ. Энэхүү арга хэмжээг оюутнуудын дундах ядуурлыг бууруулахын тулд залуучуудын байгууллагуудаас санал болгосон бөгөөд нэмэлт зардлыг 2026 оны улсын төсөвт тусгасан байна.
Их сургуулиуд, дунд сургуулиудын үйлчилгээний бүс нутгийн төвүүдэд /CROUS/ харьяалагддаг хоолны газруудад нэг еврогоор хооллох боломжийг зөвхөн тэтгэлэг авдаг, санхүүгийн хүндрэлд орсон оюутнуудад олгож байжээ. Харин бусад оюутнууд 3.30 еврогоор хооллодог байв. Тавиур дээрх хоол нь нэг халуун хоол ба зууш, жимс, амттануудаас сонгох “нэмэлт 2 хоолноос” бүрдэнэ. Төлбөрийг зөвхөн оюутны үнэмлэхээр хийнэ.
Анагаах ухааны их сургуульд суралцах хугацаа урт байдаг учраас энэ нь анагаахын оюутнуудын хувьд мэдээж ашигтай, хоолны үнийг суралцах хугацаагаар үржүүлвээс багагүй мөнгө хэмнэгдэнэ гэж нэгэн оюутан ярилаа.
Хоолны хөнгөлөлтийг санхүүжүүлэхийн тулд засгийн газраас энэ онд 50 сая евро төсөвлөжээ. Харин энэ мөнгө зардлыг нөхөхөд хүрэлцэхгүй байж магадгүй гэж оюутны холбоо үзэж байна.
Харин үйлдвэрчний эвлэлийнхний үзэж байгаагаар, урт дараалал үүсэх учраас CROUS сүлжээний ажилчдын ачаалал нэмэгдэж, хоолны заалнуудын зай талбай, хоолны хэмжээ хүрэлцэхгүй болох магадлалтай ажээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл