Азийн клубүүдийн сагсан бөмбөгийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох “Basketball Champions League Asia-2026”-гийн хүрээнд Монголын лигийн 10 удаагийн аварга “Хасын Хүлэгүүд” буюу “Чингисийн Хүлэгүүд” баг өнөөдрөөс эхлэн гурван өдөр эх орондоо тоглох гэж байна.
Өнөөдөр эхний тоглолт Улаанбаатар хотын “МБанк арена”-д 19:00 цагт эхлэх бөгөөд өрсөлдөгч нь Хонконгийн лигийн аварга “Сөүт Чайна атлетик” баг юм. Хоёр багийн эхний тоглолт Хонконгийн багийн талбайд болоход “Чингисийн Хүлэгүүд”-ийнхэн өрсөлдөгчөө 86:84-өөр буулган авсан байдаг. Харин энэ сарын 7-нд Тайванийн “Таоюань Пауйан Пайлотс”-ыг, 8-нд “Нью Тайпэй Кингз”-ийг талбайдаа хүлээн авна. “Чингисийн Хүлэгүүд”-ийн хувьд эхний гурван тоглолтоос нэг хожил, хоёр хожигдолтой яваа бөгөөд талбай дээрээ тоглох гурван тоглолтдоо бүгдэд нь хожсон тохиолдолд хэсгээ тэргүүлэн хасагдах шатанд өрсөлдөнө.
“Чингисийн Хүлэгүүд” баг 2025 оны BCL Asia East тэмцээнд аваргын алтан медаль хүртэж, Азийн тавцанд Монголын сагсан бөмбөгийн нэр хүндийг шинэ түвшинд хүргэсэн билээ. Уг амжилтын үр дүнд 2026 оны BCL Asia тэмцээний үндсэн шатанд өрсөлдөх эрхээ авч, эх орондоо тоглох боломж бүрдсэн юм. Тэмцээний туршид “Нэг баг-Нэг Монгол” уриан дор Монголын бүх сагсан бөмбөг сонирхогчид, спортын хамт олон, залуус, хөгжөөн дэмжигчид нэгдэн “Чингисийн Хүлэгүүд” багийг дэмжихийг Монголын сагсан бөмбөгийн холбооноос уриаллаа.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
