Хөл бөмбөгийн ДАШТ-1934

2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна.

Хөл бөмбөгийн ДАШТ-1934

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах хоёр дахь удаагийн тэмцээнийг 1934 оны тавдугаар сарын 27-ноос зургаадугаар сарын 10-ны хооронд Итали улсын найман хотод зохион байгуулжээ. Тэмцээний тоглолтууд Болоньягийн Литториал, Флоренцын Жованни Берта, Генуягийн Луижи Феррарис, Миланын Сан-Сиро, Неаполийн Жоржо Аскарелли, Ромын Национал ПНФ, Триестийн Литторио, Турины Бенито Муссолини цэнгэлдэх хүрээлэнгүүдэд болсон байна.

Анхны ДАШТ-ийг амжилттай зохион байгуулсан нь багуудын ДАШТ-д оролцох хүсэл сонирхлыг бадраасан үйл явдал болсон юм. 1934 оны хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох хүсэлтээ 32 улсын шигшээ баг ирүүлсэн тул шигшээ 16-д үлдэх багуудыг тодруулахын тулд анх удаа урьдчилсан шатны тоглолтуудыг зохион байгуулжээ. Харин Англи зэрэг улсын байр сууриас шалтгаалан Европ тивийн улсууд анхны ДАШТ-д идэвх муутай оролцсонд дургүйцсэн Уругвай улс Парагвай ба Боливийн хамтаар Италид болох ДАШТ-д оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Ингэснээр Аргентин, Бразил улсууд урьдчилсан шатны тоглолт хийлгүйгээр шууд шигшээ тоглолтод оролцсон түүхтэй.

1934 оны ДАШТ-д 16 улсын баг шууд хасагдах журмаар тоглож талбайн эзэд түрүүлсэн юм.

1934 оны ДАШТ-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:

  • Италийн эрх баригчид үндэсний шигшээ багийн тамирчдаа дэлхийн аварга болсон тохиолдолд хүн бүрийг 20 000 лирээр шагнана гэж амласан ч, хэрэв хожигдвол тэднийг “шорон хүлээж байсан” гэдэг цуу яриа тухайн үед тархаж байжээ. Тэмцээний дараа тус багийн хагас хамгаалагч Луижи Монти энэ талаар дурсахдаа “Бурхны авралаар бид арьсаа хуулуулахаас аврагдсан. Хэрэв үнэхээр хожигдсон бол биднийг шорон хүлээж байсан болов уу, эсвэл зүгээр л хоосон сүрдүүлэг байсан уу гэдгийг хэн ч мэдэхгүй…” хэмээн өгүүлсэн байна.
  • Тэмцээний ерөнхий шүүгч Иван Эклинд шигшээ тоглолтыг шүүхийн өмнө хүндэт зочдын индэрт гарч, Бенито Муссолинитой цөөн хором хүүрнэлдэж, мэхийн ёсолсон нь ихээхэн маргаан дагуулсан байдаг.
  • Тэмцээний хасагдах шатны тоглолтууд бүгд яг нэг цагт эхэлж байсан учраас нэг үзэгч Итали, Испанийн дахин тоглолтыг оруулаад 6 тоглолтыг үзэх боломжтой байв.
  • Хамгийн цөөхөн буюу 17 тоглолт болсон гэдгээрээ түүхэнд бичигдэж үлджээ.
  • Шилдэг довтлогчоор Германы хөлбөмбөгч Эдмунд Конен, Анжело Скьявио нар тус бүр 4 гоол хийснээр шалгарсан байна.

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн цэргийн спортын холбооны 81 дэх удаагийн чуулган болж байна

Монакогийн Вант улсад Дэлхийн Цэргийн спортын холбоо буюу CISM-ийн 81 дэх Ерөнхий ассамблейн чуулга уулзалт …