Монгол Улсыг зорин ирэх гадаадын жуулчдын урсгал тогтвортой нэмэгдэж, аялал жуулчлалын салбарын өсөлт эрчимтэй үргэлжилж байна.
Статистик мэдээллээс үзэхэд, 2026 оны эхний дөрвөн сарын байдлаар манай улсад нийт 208028 гадаадын жуулчин хүрэлцэн ирсэн бөгөөд энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 35 хувиар буюу 54260 жуулчнаар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Үүнээс зөвхөн 2026 оны дөрөвдүгээр сард 64597 жуулчин ирсэн байна. Энэ нь 2025 оны дөрөвдүгээр сартай харьцуулахад 26 хувиар өссөн дүн юм.
Аялал жуулчлалын оргил улирал эхэлж байгаатай холбогдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон харьяа байгууллагуудын зүгээс үйлчилгээний чанар стандартыг сайжруулах, олон улсын сурталчилгааг эрчимжүүлэх, бүс нутгийн аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлд тогтмол анхаарахаар төлөвлөжээ.
Эх сурвалж: Montsame.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл