Кюрасаогийн шигшээг Дик Адвокат дасгалжуулна

Яг нэг сарын дараа болох хөл бөмбөгийн ДАШТ-д оролцох Кюрасао улсын шигшээ багийг Нидерландын иргэн Дик Адвокат дасгалжуулна гэж Voetbal International цахим хуудсанд мэдээлжээ.

Өмнө нь тэрбээр тус улсын шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар ажиллаж байгаад охин нь эрүүл мэндийн асуудалтай болсон тул ажлаасаа гарсан байна. Харин одоо охиных нь бие илааршсан учраас Кюрасаод эргэн ирэхээр шийджээ.

Өдгөө 78 настай тэрбээр 2006-2009 онд Петербургийн “Зенит” багийг дасгалжуулж байх үед тус баг 2007 онд Оросын аварга болж, Оросын Супер цом /2008/, УЕФА-гийн цом, УЕФА-гийн Супер цомын тэмцээнүүдэд түрүүлсэн юм. Мөн 2010-2012 онд түүний дасгалжуулсан ОХУ-ын шигшээ баг 2012 оны Европын АШТ-ий эрх авчээ.

Адвокатын дасгалжуулсан Кюрасаогийн шигшээ баг 2025 оны 11 дүгээр сард түүхэндээ анх удаа ДАШТ-ий эрх авсан билээ. Арлын улс болох Кюрасао 2023 оны тооллогоор 155,8 мянган хүн амтай байсан бөгөөд 444 хав.дөр.км газар нутагтай. Тус улсын шигшээ баг Герман, Кот-д’Ивуар, Эквадорын шигшээ багуудтай хамт Е хэсэгт оржээ.

 

Эх сурвалж: Montsame.mn

Санал болгох мэдээ

БНЭУ-тай ЖДҮ, хоршооллыг хөгжүүлэхэд хамтран ажиллана

Монгол Улс, БНЭУ-ын хооронд 2019 онд байгуулсан санамж бичгийг шинэчлэн, тодорхой ажил төлөвлөж, үр дүнтэй хамтран ажиллах, салбарын …