Татварын ерөнхий газраас 2013 онд хийсэн судалгаа, шинжилгээгээр НӨАТ-ын хий бичилт хийж, улсад ихээхэн хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй тохиолдлууд илэрчээ.
Энэ ажлын дүнд өнөөдрийн байдлаар 90 аж ахуйн нэгжийн НӨАТ-ын падааны тайлагналтын эрхийг түдгэлзүүлж, зөрчилтэй байж болзошгүй 60 аж ахуйн нэгжийг нэмэлт байдлаар судалж байна. Эдгээр аж ахуйн нэгжээс НӨАТ-ын падаан зарсан нь батлагдсан 40-ийнх тайланд шинжилгээ хийхэд нийт 319,3 тэрбум төгрөгийн борлуулалтын бичилт хийсэн боловч нэг ч төгрөгийн татварыг улсад төлөөгүй. Энэхүү 319,3 тэрбум төгрөгөөс аж ахуйн нэгжүүд хоорондоо бичсэн бичилтийг хасахад 134,3 тэрбум цэвэр борлуулалт буюу улсын төсөвт 13,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ гэж Татварын ерөнхий газрын дарга Т.Батмагнай сэтгүүлчдэд мэдээллээ.
Тус газраас гурван ажлын хэсэг байгуулж хуурамч падаан түгээсэн гурван аж ахуйн нэгжид хяналт хийхэд 832 аж ахуйн нэгж холбогдсон нь тогтоогдсон бөгөөд 2013 онд хамаарах зөрчлөөс 11,3 тэрбум төгрөгт ногдох 1,1 тэрбум төгрөгийн татварыг улсын төсөвт төвлөрүүлээд байна гэж Т.Батмагнай хэллээ.
Хуурамч хасалт хийж буй аж ахуйн нэгжүүдэд судалгаа хийхэд гэр хороололд амьдардаг иргэний нэр дээр компани байгуулж, падаан зарсан, иргэний үнэмлэхээ хаяж гээгдүүлсэн болон нас барсан хүний нэр дээр компани байгуулсан байна. Ийм сөрөг үзэгдэл нь зохион байгуулалттайгаар эртнээс бий болсон байна гэж тэрбээр хэлээд падаан ашигласан татвар төлөгчид болон иргэний нэр дээр хуурамчаар компани байгуулсан хүмүүсийг ирэх оны нэгдүгээр сараас олон нийтэд мэдээлж, хууль хяналтын байгууллагад хандана гэж мэдэгдлээ. Мөн татвар төлөгчид өөрсдөө тайландаа завсарлан бий болох эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах боломжтой систем хийгдэж байгаа ажээ.