Хятадад хичээл, шалгалтын өндөр ачаалал болон гэр бүлийн хүлээлтээс үүдсэн сэтгэлзүйн дарамтаа багасгахын тулд зарим өсвөр үеийнхэн жороор олгодог эмийг эмчийн зааваргүйгээр хэрэглэх болсон талаар BBC мэдээллээ. Мэргэжилтнүүд үүнийг эмийн хяналтаас гадна өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой ноцтой асуудал хэмээн үзэж байна.
Хятадын өсвөр үеийнхний дунд шалгалтын дарамт, сурлагын өрсөлдөөнөөс үүдэн жороор олгодог эмийг буруу хэрэглэх асуудал нэмэгдэж байгааг BBC-ийн сурвалжлага онцолжээ.

BBC-ийн сурвалжлагч Лаура Бикерийн нийтлэлд “Сяомэй” хэмээн нэрлэсэн 14 настай сурагчийн түүхийг дурдсан байна. Тэрээр сурлагын дарамт, шалгалтын үр дүн болон гэр бүлийн маргаанаас үүдсэн стрессээ түр мартахын тулд эмчийн зааваргүйгээр эм хэрэглэж эхэлжээ. Улмаар хоёр жилийн хугацаанд төрөл бүрийн жороор олгодог эмийг зохисгүйгээр хэрэглэсэн байна.
Түүний ярьснаар хичээлдээ муу дүн авах, шалгалтын дарамт нэмэгдэх, эцэг эхтэйгээ маргалдах үедээ эм хэрэглэх тохиолдол гардаг байжээ. Тэрээр энэ байдлыг “бодит байдлаас зугтаж байгаа мэт” гэж тайлбарласан байна.

BBC мөн олон нийтийн сүлжээний чат бүлгүүдэд өсвөр үеийнхэн жороор олгодог эмийн зохисгүй хэрэглээний талаар мэдээлэл солилцож байгааг илрүүлжээ. Зарим тохиолдолд нэг төрлийн эмийн хяналтыг чангатгасны дараа хэрэглэгчид өөр төрлийн эм рүү шилжиж байгаа аж.
Хятадын эрх баригчид эмийн зохисгүй хэрэглээг хязгаарлахын тулд сүүлийн жилүүдэд хэд хэдэн арга хэмжээ авчээ. 2025 онд Хууль зүйн яамны дэргэдэх Crime Prevention Institute-ийн судалгаанд хяналт сул эмийг залуус хялбархан олж авах боломжтой хэвээр байгаа бөгөөд эмийн нэрийг өөрөөр нэрлэн цахим орчинд мэдээлэл солилцох тохиолдол бүртгэгдсэн талаар дурдсан байна.
Мөн Хятадын Үндэсний мансууруулах бодистой тэмцэх комисс насанд хүрээгүй хүүхдүүдийн дунд жороор олгодог эмийг хэрэглэх асуудал нэмэгдэж байгааг анхааруулжээ.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар Хятадын боловсролын өндөр өрсөлдөөн нь өсвөр үеийнхний сэтгэлзүйн дарамтыг нэмэгдүүлж буй хүчин зүйлсийн нэг юм. Зарим сургуулийн тэргүүлэх ангиудад сурагчдыг сурлагын үзүүлэлтээр нь хасах тогтолцоо үйлчилдэг бөгөөд энэ нь хүүхдүүдэд амжилтгүй болох айдас төрүүлдэг байна.
Хятадын социологич Шян Бяо эцэг эхийн өндөр хүлээлт хүүхдүүдийн дарамтыг нэмэгдүүлдэг гэж үзэж байна. Түүний хэлснээр хүүхдүүдэд зөвхөн сурлага, амжилтыг нь асуухаас илүүтэй “ганцаардаж байна уу, стресстэй байна уу” гэдгийг нь сонсох шаардлагатай аж.
Хятадын Засгийн газар өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн тусламжийг нэмэгдүүлэх зорилгоор 2030 он гэхэд улсын хэмжээнд сэтгэлзүйн зөвлөгөө болон хямралын үеийн тусламжийн тогтолцоог хөгжүүлэхээр ажиллаж байна. Төрийн зөвлөлийн мэдээллээр бага сургуулийн 92 хувь, дунд сургуулийн 95 хувь нь зөвлөх багштай болжээ.
Гэвч хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндийн чиглэлээр мэргэшсэн эмчийн хүрэлцээ хангалтгүй хэвээр байгаа нь томоохон асуудал болж байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар эмийн хууль бус худалдаа, зохисгүй хэрэглээг хязгаарлахын зэрэгцээ асуудлын үндсэн шалтгаан болох сургалтын дарамт, гэр бүлийн хүлээлт, сэтгэлзүйн тусламжийн хүртээмжийг анхаарах шаардлагатай байна.
Н. Энхтуул
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл