Дундговь аймгийн Засаг дарга огцроод удаагүй байна. Хуульд зааснаар бол 14 хоногийн дотор аймгийн ИТХ хуралдаж дараагийн хүнийг ерөнхий сайдад санал болгох ёстой.
Өнөөдөр болох ИТХ-аар засаг даргын асуудлыг хэлэлцэх тов гарчээ. Гэвч өнөөдрийн хурлаар Дундговь аймаг засаг даргатай болох эсэх нь тодорхойгүй байгаа аж.
Учир нь тус аймагт дахин улс төрийн хуйвалдаан, эцэс төгсгөлгүй маргааны үүд хаалга нээгдчихээд байна. Нэгэнт огцорсон Засаг дарга нарын хэн нь хэн байсан тухай одоо нурших нь илүүц юм.
Харин дараагийн хүн хэн байхыг Дундговийн иргэд хүлээж байна.
Дараагийн Засаг даргад АН-аас Дундговь аймгийн АН-ын дарга С.Од-Эрдэнэ болон Ж.Наранцацралт агсны туслахаар ажиллаж байсан Б.Мөнхболор, МАН-аас Барилга хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга асан, мөн Ж.Наранцацралт агсны туслахаар ажиллаж байсан Ц.Ганхүү нар өрсөлдөхөөр яригдаж эхэлжээ.
Дундговь аймгийн АН-ын дарга С.Од-Эрдэнийн хувьд хожим улс төрд орсон нэгэн. Түүнд улс төрийн салбарт хийсэн сайн, муу түүх бага. Дундговийн АН-ынхны хувьд даргаа сойх зорилго тавьж, улс төр хийж байгаа нь нэгэнт тодорхой болсон.
Гэвч МАН-ын нэр дэвшигч Засаг даргын сонгуульд “дагуултайгаа” ирсэн нь тус аймгийн улс төрийг дахин бужигнаанд оруулжээ. АН-аас С.Од-Эрдэнэтэй санал хувааж хамт нэр дэвших Б.Мөнхболорыг МАН-аас нэр дэвшигч Ц.Ганхүү дагуулан очиж буй аж. Тэд талийгаач Ж.Наранцацралтыг амьд ахуй цагт нь хоёул ҮШН-ын гишүүн болж, туслахаар нь ажиллаж байжээ.
Гэвч Ж.Наранцацралт агсныг өнгөрсний дараа Ц.Ганхүү МАН-руу, Б.Мөнхболор МоАХ руу урваж орсон байдаг. Б.Мөнхболор нь Ардчилсан холбооны партизануудтай нийлж С.Эрдэнэ гишүүний туслахаар ажилласан ч “хор найруулсан” хэрэгт унаж хөөгдсөн гэдэг. Харин Ц.Ганхүүгийн хувьд 2008 онд сонгуульд унаснаасаа хойш Дундговийг “умартаж” нийслэлд үлдсэн. Нэг иймэрхүү түүхтэй хүмүүс Дундговь аймгийн иргэдийн амьдралыг “залуурдахаар” ухасхийсэн нь нутгийн иргэдийн дургүйцлийг төрүүлж буй.
Өнөөдөр болох хурлаар Засаг даргаа сонгож чадахгүйд хүрвэл, эсвэл Ж.Наранцацралт агснаас урван тэрсэлсэн хэн нэгэн этгээд сонгогдвол нутгийн иргэдийн дунд засагт итгэх итгэл улам бүр суларч, Дундговь аймгийн улс төр эцэс төгсгөлгүй маргаанд хүрч мэдэхээр байгаа юм.
Учир нь одоогийн МҮАН, угтаа бол АН-аас урвасан Ц.Ганхүү ИТХ-аас олон санал авч гарлаа ч Ерөнхий сайд батламжлахгүй буцаах магадлал өндөр. Б.Мөнхболорын хувьд АН-ын даргынхаа саналыг хуваах зорилгыг анхнаасаа өвөрлөж ирсэн учраас нэг хоёр санал л “зулгаана”.
2008 онд яг ийм байдлаар Б.Мөнхболор нарын найруулсан “жороор” Ц.Ганхүүг АН-аас нэр дэвшигч Б.Дэлгэрмаагийн эсрэг тавин унагаж байжээ. Үүний дараагаас Дундговь аймагт нэг намаас нөгөөд урвах, өөрийн намын нэр дэвшигчийг бусадтай хуйвалдан унагах хуйвалдаан газар авсан байх юм.
Ер нь нутгийн иргэдийн хувьд улс төрийн аль нэг намд харьяалагдаж, үзэл бодлынхоо төлөө тууштай өрсөлдөх нь зүйн хэрэг. Гэвч “стандарт бус” улс төрийн тоглолтууд хөдөө орон нутгийн улс төрд ихээр түрэн орж ирж байгаа нь жирийн иргэдийн амьдралд хүндээр тусч байна.
Ганцхан жишээ дурьдахад бүтэн хоёр жилийн турш сандал ширээний төлөө тэмцэлтэй явсан Дундговь аймгийн жилийн төсөв найман тэрбум төгрөг болтлоо буурчээ. Гэтэл яг хажууд нь оршиж байгаа Өмнөговь аймгийн жилийн төсөв 170 тэрбум төгрөгөөр яригдаж байх жишээтэй.
Угаас байгалийн баялаг багатай, дэд бүтцийн хувьд сул хөгжсөн тус аймаг хөгжих нөхцлөөр муу аймгуудын тоонд ордог.
Тэгвэл төр засагтай хэл амаа ололцож, тогтвортой ажиллаж чадах, төсвөөс мөнгө салгаж чадах баг дундговьчуудад хэрэгтэй болжээ.
Тиймээс ч Дундговийн ард түмэн хоёр намаас зөвшилцөхийг шаардах болсон байна. Өнөөдөр болох хуралдаанаас гарах үр дүнг бид эргэн мэдээлэх болно.
Д.Билгүүн “Өглөөний сонин”