Үндэсний өдөр тутмын “Өглөөний сонин”-ы нийтлэлийн бодлогын зөвлөлийн хуралдааны шийвэрээр энэ жил манай хамт олон “Гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийллийн эсрэг” ажиллахаар болсон билээ. Тиймээс энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран ажиллах бөгөөд нийгмийн хариуцлагаа хамтран хэрэгжүүлэхдээ таатай байна. Энэ удаагийн дугаараас эхлэн бид нийгэмд тулгамдаж буй гэр бүлийн хүчирхийллийн эсрэг мэдээ, мэдээлэл, сурвалжилгуудыг хүргэж, асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулах болно.
Хүчирхийллийн эсрэг ганц төв хүчрэхгүй нь
Одоогоос хоёр жилийн өмнө гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэй шүүх хурлаас гарч яваад нөхрийнхөө гарт амиа алдаж, хойд эцэгтээ хэлэлгүйгээр халааснаас нь 300 төгрөг авсныхаа төлөө хэвтэрт ортлоо зодуулсан хүү, найз залуудаа 48 цагийн турш зодуулж амиа алдсан эмэгтэй гээд нийгмийг бүхэлд нь цочирдуулсан хэргүүд гарсаар байна. Хохирогчид нь дандаа хүүхэд, эмэгтэйчүүд. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид хүүхэд эмэгтэйчүүд байдаг бөгөөд энэ төрлийн гэмт хэргийн тоо жил ирэх тусам нэмэгдэж, олныг түгшээх болов. Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс гаргасан судалгаагаар манай улсад таван өрхийн нэг нь хүчирхийллийн харилцаатай, таван эмэгтэйн нэг нь ямар нэгэн байдлаар эр нөхөртөө зодуулж, хоёр хүүхэд тутмын нэг нь хүчирхийлэлд өртдөг гэх сэтгэл сэртхийлгэсэн тоо гарчээ.
Энэ нь дээрх төрлийн бусармаг гэмт хэрэгтэй улсын хэмжээнд ганцхан Хүчирхийллийн эсрэг үндэсний төв тэмцээд хүчрэхгүй гэдгийг харуулж байгаа юм. Учир нь жилээс жилд тус төвд хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд болон өндөр настнууд хандах нь нэмэгдэж байна. Тиймээс төр засгийн зүгээс энэ асуудалд анхаарлаа хандуулж гэр бүл болон бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогчдод тусламж үзүүлэх, тэднийг хамгаалах, цаашлаад хууль эрх зүйгээ чангатгах шаардлагатай байна.
Г.Түвшинжаргал: Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн амиа алдаж байгааг таах аргагүй
“Хүчирхийллийн эсрэг үндэсний төв”-ийн Үйлчилгээний менежер, сэтгэл судлаач Г.Түвшинжаргалаас зарим зүйлийг тодруулав.
-Өнгөрсөн онд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж амь насаараа хохирсон олон хэрэг гарсан. Хамгийн сүүлд л гэхэд 21 настай эмэгтэй найз залуудаа зодуулж амиа алдлаа. Эл хэрэгт танай төв анхаарлаа хандуулж, ямар нэгэн арга хэмжээ авч байна уу?
-Бид талийгаач эмэгтэйг өмнө нь манай төвд хандаж байсан эсэхийг нь архиваасаа шүүж үзлээ. Харамсалтай нь нэг ч удаа хандаж байгаагүй юм байна. Гэхдээ талийгаач эмэгтэйн хүчирхийллийн түүхийг судалж үзсэн. Нэлээд даамжирсан, эрсдэлтэй болчихсон байсан нь харагдсан л даа. Хэрэв эртхэн манайд хандсан бол амь насыг нь хамгаалах боломж байлаа.
-Манайд хүчирхийллийн эсрэг хууль байдаггүй. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль аль 2004 онд батлагдсан ч амьдралд хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүйг олон хүнээс сонч байлаа?
-Тийм ээ. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсан ч хэрэгжилт хангалтгүй. Бараг хэрэгждэггүй гэхэд болно. Иймээс олон эмэгтэй хүнд бэртэж амь насаа алдаж байна. Түүнчлэн олон жил гэр бүлийн хүчирхийлэлд байснаас болж гэмт хэрэгтэн болчихсон ял эдэлж байна.Уг нь хуулиараа цагдаагийн байгууллагын төлөөлөгч хүчирхийлэл үйлдсэн хүнд хариуцлага тооцох, хохирогчийг хамгаалах үүрэгтэй. Гэтэл тэд үүнийгээ хэрэгжүүлдэггүй. Гэр бүлийн хүчирхийллийг маргаан төдий зүйлээр ойлгодог. Үүнээс болж хүчирхийлэл улам даамжирч, гэмт этгээдийг өөгшүүлдэг.
-Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалах хууль, эрх зүйн орчин байхгүйгээс танайхыг зорих хохирогчдын тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа байх нь ээ?
-Хүчирхийллийн эсрэг үндэсний төв 1995 онд байгуулагдсан цагаас эхлэн жил бүр үйлчлүүлэгчдийн тоо өсч байна. Бидэнд анх 29 хүн хандаж байсан бол өнгөрсөн оны байдлаар 2035 болсон байгаа. Хүчирхийлэлд өртсөн иргэдийн ихэнх нь “Үнэхээр болохоо байлаа” гэсэн аюултай үедээ манайд ханддаг.
-Ингэхэд зөвхөн гэр бүлийн хүчирхийллээс болж хэчнээн иргэн амиа алдаад байна вэ?
-Цагдаагийн ерөнхий газраас гаргасан судалгаанаас харахад сүүлийн гурван жилийн дотор гэр бүлийн хүчирхийллийн улмаас 49 эмэгтэй амиа алдсан. Гэхдээ энэ бол зөвхөн мэдэгдэж байгаа нь. Мэдэгдэхгүйгээр хэчнээн хүн амиа алдаж байгааг таах аргагүй.
-Гэр бүлийн хүчирхийлэлд ихэвчлэн хүүхэд, эмэгтэйчүүд өртдөг. Гэхдээ танай төвд залуучууд хандсан тохиолдол бий юү?
-Харьцангуй бага л даа. Өнгөрсөн онд л гэхэд бэлгийн хүчирхийлэлд өртсөн хоёр эрэгтэй, 10-аад хүүхэд бүртгэгдсэн. Тэд бүгдээрээ эрэгтэйчүүдийнхээ зүгээс хүчирхийлэлд өртсөн байсан.Хүчирхийллийг бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэж дөрвөн хэлбэрт авч үздэг. Өмнөх жилүүдэд бие махбодийн хүчирхийлэл түлхүү байсан. Харин сүүлийн үед сэтгэл санаа болон эдийн засгийн хүчирхийлэл нэмэгдэх хандлагатай байна.
-Танай хамгаалах байранд хэчнээн хохирогч хоргодож байна вэ?-Манай хамгаалах байранд 22 иргэн байна. Бүгд хүчирхийллийн дээд цэгт хүрчихсэн. Харин ар гэрийнхэн болон ойр дотныхон нь туслах, хамгаалах боломжтой болон насанд хүрсэн эрэгтэй хүнийг авдаггүй.-Хэр хугацаагаар байлгах уу?
-2008 онд гарсан хамгаалах байрны стандарт гэж бий. Бид нэг хохирогчийг гурав хүртэлх сараар байлгадаг. Гэхдээ бид “хугацаа чинь болчихлоо гар” гэж хэлдэггүй. Хүчирхийлэлд өртөх эрсдэл нь буурсан эсэхийг нь судалж байж гаргадаг. Дээрх 22 хүний ихэнх нь нөхөртөө олон удаа зодуулсан эмэгтэйчүүд. Тэд гар хөлөө хугалуулсан зэрэг нэлээд хүнд бэртэлтэй байгаа.
-Тэдний өдөр тутмын хоол хүнс, ахуйн хэрэглээг яаж зохицуулдаг вэ?-Нийгмийн хамгааллын яамнаас багахан хувийг өгдөг. Үлдсэнийг нь янз бүрийн төсөл, хандив, тусламжаар болгодог доо.-Хүчирхийлэлд өртсөн иргэдийг хамгаалсныхаа төлөө дарамтлуулах тохиолдол гарна биз?-Тэгэлгүй яах вэ, биднийг хүчирхийлэл үйлдэгчид хэл амаар дайрч давшилж дарамтлах нь энүүхэнд. Өнгөрсөн жил манай төвийн нэг зөвлөгчид хүчирхийлэгч хутга тулгаж байсан.-Хүчирхийлэлд өртсөн иргэд та нарын хамгаалалтад байхдаа дахин хүчирхийлэлд өртсөн тохиолдол бий юу?-Яг хамгаалалтын байрандаа хүчирхийлэлд өртөж байсан тохиолдол байхгүй. Харин байрнаасаа гараад цагдаа, шүүх рүү явж байгаад хүчирхийлэлд өртсөн тохиолдол бол бий. Үнэнийг хэлэхэд шүүх, цагдаагийнхан үнэхээр сонин. Хохирогч, хүчирхийлэгч хоёрыг яг нэг цагт дууддаг. Үүнээс болж дахин хүчирхийлэлд өртөх явдал гардаг.
Танихгүйгээс илүүтэй танилаасаа болгоомжил
Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс бага насны охидыг хүчирхийлэгчдийн 51 хувь нь танил нь, бүр цаашлаад ах дүү, аав, өвөө нь байсан гэх аймшигтай, сэтгэл сэрдхийлгэм мэдээллийг өгч байна. Зөвхөн өнгөрсөн онд л гэхэд насанд хүрээгүй 50 гаруй охин бэлгийн дарамтад өртжээ. Гэтэл хүмүүс тэднийг гудамжинд явж байгаад хүчиндүүлсэн, эсвэл дуртайдаа бэлгийн харьцаанд орсон мэтээр ойлгодог. Үнэн хэрэгтээ хүчирхийлэлд өртсөн нийт охидын 23 хувь нь садангийн ах, дүүдээ хүчиндүүлсэн бол 14 хувь нь хойд, 10 хувь нь төрсөн эцэгтээ, хоёр хувь нь өвөөдөө, үлдсэн нь төрсөн ах, дүүдээ хүчиндүүлжээ. Нөгөөтэйгүүр төрсөн охиноо, ач зээгээ, охин дүүгээ эр хүний нүдээр харж хүсэл тачаалаа тайлж байгаа энэ мэт бусармаг явдал цаашид нэмэгдэх хандлагатай байгаа нь түгшүүр төрүүлж байна. Адгуус амьтан хүртэл үр төлөө сүүдрээс хамгаалдаг байтал ухамсарт хүмүүний сэтгэхүйд адгууснаас ч дор бодол төрж байгаа нь дэндүү харамсмаар.Хамгийн эмгэнэлтэй нь дээрх төрлийн гэмт хэргийн дийлэнх хувь нь мөрдөн байцаалтын шатанд хэрэгсэхгүй болдог байна. Энэ нь гэмт этгээдүүдийг өөгшүүлж, дахин хэрэг үйлдэх сэдлийг төрүүлдэг аж.
Амьдралд хэрэгждэггүй хуулийг чангатгана
Аль 2004 онд Гэр бүлийн хүчирхийллийн тухай хууль батлагдсан ч амьдралд хэрэгждэггүй, хэрэгжих боломжгүй хуулиудын жагсаалтад багтаад байгаа. Учир нь иргэд төдийгүй хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах үүрэгтэй хууль хяналтынхан ч уг хуулийн талаар мэдээлэл муутайгаас хохирогчид хохирох тохиолдол олон гардаг байна. Тэгвэл Хууль зүйн яамны эрх зүйн шинэчлэлийн бодлогын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж байгаа аж. Өмнө нь хуулийн хэрэгжилт тааруу, наад зах нь хүчирхийлэлд өртсөн хохирогч хаана хандах, ямар тусламж авахаа мэддэггүй. Үүнээс болж хүчирхийлэгчийг давраах, дахин хүчирхийлэлд өртөх нөхцөлийг бүрдүүлдэг байжээ.
Бодит байдал дээр хуулийн байгууллага ч гэр бүлийн хүчирхийллийг ахуйн асуудал мэтээр тоохгүй орхих, сайндаа л долоо хоног баривчлаад өнгөрөөх нь хүчирхийлэгчдийг оодруулаад байгаа юм.Харин Хууль зүйн яамны шинэчлэлийн бодлогын хүрээнд гэр бүлийн хүчирхийллийг гэмт хэрэг гэж үзэж, хариуцлагын тогтолцоог чангатгах хуулийн төсөл санаачлаад байна. Өөрөөр хэлбэл хүчирхийлэл үйлдсэн нь тогтоогдсон бол эрүүгийн гэмт хэрэгт тооцож 1-3 жилийн ял оноох хуулийн шинэ орчин бий болно. Энэ хуульд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүнд ямар тусламж үзүүлэх, эмнэлэг, түргэн тусламжийн үйлчилгээг яаж хүргэх, цагдаа хэрхэн бүртгэх зэргийг нарийвчлан тусгах аж. Д.Дуламсүрэн: Г.Алтанхүүд охиныг минь алах ямар нэгэн шалтгаан байсан байж таарааӨнгөрсөн оны сүүлээр гэр бүлийн хүчирхийлэлд өртөж хоёр ч эмэгтэй амь насаараа хохирсон. Тухайлбал арваннэгдүгээр сарын 14-нд 21 настай эмэгтэй найз залуугийнхаа гарт амиа алдсан билээ. 48 цагийн турш зодуулж нас барсан талийгаач Б.Цэдэн-Ишийн ээж Д.Дуламсүрэнтэй ярилцлаа.
-Танд болон танай гэр бүлд эмгэнэл илэрхийлье. Шүүх эмнэлгийн хоёр ч удаагийн дүгнэлт “гадны нөлөөгүй” гэж гарлаа шүү дээ. Үнэхээр охин тань ямар нэгэн суурь өвчтэй байсан юм биш биз?-Үгүй ээ, миний охинд ямар нэгэн суурь өвчин байгаагүй. Үнэхээр л гадны нөлөөгүй амиа алдсан бол ГССҮТ-ийн эмч нар хүлээж авахгүй шүү дээ. -Ингэхэд эмнэлэгт анх хүргэгдэж ирэхдээ охины тань биеийн байдал нь ямар байсан юм бэ?
-Маш хүнд. Анх ГССҮТ-д ирэхдээ биеийн ихэнх хэсэг нь няцралттай, цөс нь хагарсан байдалтай ирсэн юм билээ. Биеийнх нь ихэнх хэсэг нь хавдчихсан, нүүрний нэг тал, мөрний хэсэг, хоёр гар нь хөхөрсөн, хавирга нь хугарсан ирсэн гэсэн. Охиноо харахад зодуулсан нь илт. Биеийн зарим хэсэгт нь зодуулаад удсан зарим нь шинэ шарх байсан.
-Гэтэл Шүүх эмнэлгийнхэн охиныг тань “Бөөрны цочмог дутагдлаас болж нас барсан” гэх дүгнэлт гаргасан нь ямар учиртай юм бол?
-Үнэхээр их гайхаж, цочирдсон. Дахин хэлэхэд охинд маань ямар нэгэн суурь өвчин байгаагүй. Түүгээр ч барахгүй амиа алдах хүртлээ эмнэлэгт хэвтэж аав, ээжийгээ зовоож байгаагүй хүүхэд. Бид Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв, шударга гарна гэдэгт итгэж байсан. Харамсалтай нь бидний хүлээж байснаас тэс хөндлөн дүгнэлт гарлаа. Нас барсан шалтгаан нь “Гадны нөлөөгүй, бөөрний цочмог дутагдлаас болж нас барсан” гэсэн байна лээ. Үнэхээр гомдолтой байна.
-Талийгаачид анх задлан хийхдээ ар гэрийнхнээс нь зөвшөөрөл авах нь битгий хэл огт дуулгаагүй гэж сонссон юм байна?
-Тийм ээ. Охин маань өнгөрсөн арваннэгдүгээр сарын 14-нд нас барсан. Тухайн үед би Баянхонгор аймгийн Загд суманд байсан. Намайг Улаанбаатар хотод ирэхэд охин маань хэдийн амьсгал хураачихсан байсан. Нас барснаас нь хойш хоёр хоногийн дараа задлан шинжилгээ хийсэн юм билээ. Анхны задланг хийхдээ бидэнд огт дуулгаагүй.
-Талийгаачид задлан хийснийг яаж мэдсэн юм бэ?
-Охины маань амь настай холбоотой хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтсийн мөрдөн байцаагч Ч.Буянт шалгаж байгаа. Энэ хүн бидэнд танилцуулахдаа “Охинд тань задлан хийсэн. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эмч Б.Долгормаа ахалж орсон” гэж л хэлсэн. Тэгээд ч эхний задланд биднийг оруулаагүй болохоор бүрэлдэхүүн муутай оролцсон гэх шалтгаанаар маргааш нь буюу арваннэгдүгээр сарын 17-нд хоёр дахь задлан шинжилгээг хийлгэсэн. Шүүх эмнэлгийн дүгнэлт 14-21 хоногийн дотор гарна гэж байсан ч 24 хонож гарсан. Шүүх эмнэлгийн анхны дүгнэлтийг сонсоод би ухаан алдаж унасан.
-Гурав дахь задлан шинжилгээний дүгнэлт хэзээ гарах вэ?
-Бид гурав дахь шатны шүүх эмнэлгийн дүгнэлтийг хүлээж байна. Бидэнд хэлэхдээ Монголын сор болсон эмч нар орж ажилласан гэсэн. Тиймээс энэ удаа үнэн зөвөөр гарна гэдэгт итгэж байгаа. Үнэхээр үнэн гэж байдаг бол “гадны нөлөөтэй” гэдэг нь тогтоогдох байх. Харин хариу нь ирэх долоо хоногт гарна. Ганц охиноо хүний гарт алдчихаад байж суух газраа олохгүй л явна. Бид талийгаачийнхаа төлөө хаа хүртэл явж болох тэр хүртэл нь явна. Бүхий л арга, гарцыг судалж байна.
-Талийгаач танай хоёр дахь хүүхэд байсан гэл үү?
-Тийм. Би хүү, охин хоёртой. Дараа нь нэг хүү өргөж авсан. Гурвуулаа нэг нэг насны зөрүүтэй. Талийгаач маань манай хамгийн бага, ганц охин минь байсан. Миний охин арван жилийн сургуулиа 16 настайдаа төгссөн. Их сургуульд сурч байхдаа Япон явж өнгөрсөн жил ирсэн. Гэтэл ингээд хүнд алуулчих юм чинээ хэн санах билээ.-Өмнө нь охин тань найз залуудаа зодуулж, дарамтлуулдаг байснаа хэлж байсан уу?-Үгүй ээ, нэг ч удаа хэлж байгаагүй. Даанч яав даа, миний муу охин ядаж ээждээ хэлчихгүй дээ. /уйлав/-Сэжигтэн Г.Алтанхүүтэй үерхэж, хамт амьдарч байгааг нь хэзээ мэдсэн бэ?-Өнгөрсөн долоодугаар сард мэдсэн. Охин маань “Найз залуутай болсон, хамт амьдарч байгаа” гэхээс өөр зүйл хэлээгүй. Найзтайгаа харилцаж байсан мессеж энэ тэрийг нь уншихаар үнэхээр хэлэх үг олдохгүй юм.
-Ингэхэд та Г.Алтанхүүтэй уулзаж байсан уу?-Үгүй.-Ядаж утсаар ч болтугай ярьдаг байсан биз дээ?
-Үгүй. Нөхөр маань л хааяа ярьдаг байсан. Бүр “миний хүү” гэж ярьдаг байсныг яана.
-Г.Алтанхүүгийн ар гэрийхэн саяхан таны төрсөн дүү Д.Хандсүрэнг шүүхэд өгсөн. Тэдний зүгээс ямар нэгэн дарамт, шахалт үзүүлж байна уу?
-Тэд биднийг хөдөөний, юм мэдэхгүй хүмүүс гэж л санаад байх шиг байгаа юм. Дүүг маань Г.Алтанхүүг “алуурчин” гэж хэлснийх нь төлөө шүүх, цагдаад өгсөн байна лээ.
Хүн өвчин зовлон үзээд, уйлж унжаад явж байхад “алуурчин” гэж хэлсний төлөө шүүхэд өгнө гэдэг чинь нэг төрлийн дарамт шүү дээ. -Ямар учраас Г.Алтанхүү охины аминд хүрэх болсон юм бол?
-Нэг л зүйл байсан байж таараа. Ямар нэгэн алах шалтгаан байсан байх гэж боддог. Миний охин нэг л нууц зүйлийг нь мэддэг байв уу. Ямар нэгэн шалтгаан байгаа. Тийм биш юм бол яах гэж охины минь аминд хүрэх юм бэ.
-Г.Алтанхүүг өмнө нь эхнэр хүүхэдтэй байсан гэдгийг мэдсэн үү?
-Би тэр өмнөх эхнэр гээд байгаа хүний ярилцлагыг уншсан. Надад тэр эмэгтэйд мөнгө өгөөд худлаа яриулсан шиг санагдсан. Харин миний сонссоноор Г.Алтанхүү хуулийн сургуульд сурдаг байхдаа дөрвөн жил нэг хүүхэнтэй үерхсэн юм билээ. Тэгэхдээ түүнийгээ байнга зодож, нүддэг байсан гэсэн. Охиноо нас барсан өдрийнх нь орой Сүхбаатар дүүргийн Цагдаагийн II хэлтэст Г.Алтанхүүгийн аавтай нь уулзсан. Тэгэхэд л анх удаа аавынх нь барааг харсан.
Тухайн үед аав нь бидэнд нэг ч үг хэлээгүй. Тэрнээс хойш Г.Алтанхүүгийн гэрийнхэнтэй уулзаагүй. Уулзаад ч яах юм билээ. -Уучлаарай, талийгаач охины тань талаар иргэд янз бүрээр л ярьж байна. Нэг хэсэг нь “Найз залуудаа зодуулж суухын оронд зугтчихаж болоогүй юм байх даа” гэж байхад зарим нь “Г.Алтанхүү нь их мөнгөтэй учраас охин тань салж чадахгүй явсаар амиа алдлаа” гэх зэргээр ярьж байна?-Хүмүүс янз бүрээр ярьж байгаа байх. Гэхдээ би охиноо хүний түрийвч рүү өнгийж хардаг тийм ёс суртахуунтай өсгөөгүй. Бид хүүхдүүдээ юугаар ч дутаагаагүй. Би охиныхоо нэг найзаас сонссон л доо. Охин маань нас барахаасаа өмнө долоо хоног ажилдаа яваагүй юм билээ. Тэгэхэд Г.Алтанхүү хаалгаа дотроос нь түжээд зоддог, салах юм бол ална гэж сүрдүүлдэг байсан гэсэн. Энэ мэт дарамтаас болоод охин маань салж чадахгүй явсаар амиа алдсан байх гэж бодож байна. Түүнээс биш тэрний хэдэн халтар төгрөг охины минь аминаас л үнэтэй байв гэж дээ. -Нөгөөтэйгүүр таныг ч бас “Тэр эх нь одоо яачихсан хүн бэ, бүхэл бүтэн гурав, дөрвөн сар зодуулж, нүдүүлж байхад нь мэддэггүй.
Эх хүн байж үр хүүхдээ хайхраагүйгээс болж л ийм хэрэг гарч байгаа юм” гэж буруутгаж байна. Үнэхээр охин чинь танд юу ч хэлээгүй гэж үү?-Би охиндоо, үр хүүхдүүддээ санаа тавьдаггүй, хайрлаж халамжилдаггүй эх хүн биш. Байнга утсаар ярьж байдаг. Харин Улаанбаатар хотоос 900 гаруй км-ийн хол байсан нь л миний алдаа боллоо. Ойрхон байсан бол охинооо хэлээгүй байсан ч эх хүн чинь гадарлана шүү дээ. Зовж зүдэрч, зодуулж нүдүүлж байгааг нь мэдэх байсан. Гэтэл миний муу охин даанч яав даа. Бүх зүйлээ ээжээсээ нууж байсан юм билээ. Зодуулж дарамтлуулдаг талаараа надад нэг ч үг хэлж байгаагүй. Би өөрийгөө буруутгаж байна. Охин дээрээ нэг удаа ч болов ирэх минь яав даа. /уйлав/