Ливерпүүлийн наймааны сураг

 2014 оны өвлийн солилцоо наймааны цонх нээгдээд талдаа оржээ. Багууд хүчээ зузаатгаж, шинэ тоглогчид авч байгаа ч их мөнгөний наймаа төдийлөн хийгдээгүй л байна. Харин Ливэрпүүлийн хувьд ямар нэгэн наймаа хийгдэлгүй чимээгүйхэн байгаа ч багийг тойрсон наймааны чимээ шуугиан намжаагүй, харин ч улам олон тоглогчидтой холбогдож эрэл хайгуул хийж байгаа гэсэн мэдээллүүд цацагдсаар байна. Энэ мэдээллүүдийг мэдээж сонин хэвлэлүүдийн хуудаснаас авч буй учраас тухайн тоглогчидтой баттай холбогдсон буюу авна гэсэн үг биш юм. Зүгээр л ээлжит хэвлэл мэдээллийн хоосон шум, спортын сэтгүүлчдийн таамаглал төдий л зүйлс. Манай сайтын мэдээчид, нийтлэлчид маань энэ бүхэнд чих тавин чагнаж буй бөгөөд шинэ тоглогч ирлээ гэвэл хамгийн түрүүнд хамгийн үнэн бодьтой мэдээллийг эх хэлээрээ, энэ сайтаараа дамжуулан хүргэнэ гэдгээ амлая.

Брэндан Рожэрсын хувьд наймааны цонхоор мөнгө зарахыг биш нүдээ олсон, хэрэгтэй гэсэн тоглогчийг боломж гарангуут авна. Харин тийм боломж гарахгүй бол наймаа хийх гэж яарахгүй гэж уламжлал болсон мэдэгдлээ хийгээд байгаа билээ. Харин одоо Европын болон Английн хэвлэлүүдээр Ливэрпүүлтэй нэр холбогдож буй тоглогчдын талаарх мэдээллүүдийг багцлан хүргэе.

Гохан Инлэр /Наполи/

Наполи клубын хагас хамгаалагч өдгөө 29 настай, Швэйцари залуу Гохан Инлэрийг авахаар Ливэрпүүлчүүд Рой Хожсоны үеэс л оролдож байсан бөгөөд Брэндан Рожэрс ч түүнийг эгнээндээ элсүүлэхийг хүсч байгаа гэнэ. Харин түүний багийн шинэ мэнэжэр экс улаан Рафа Бэнитэз түүнийг зарах хүсэлгүй байгаа учраас энэ наймаа гацаанд орсон гэнэ. Одоо амжихгүй бол ирэх зуны цонхоор ч дахин санал илгээх магадлал өндөр гэж talkSport-н сэтгүүлчид ярилцацгааж байна.

Гиоргиньо Вийналдум /ПиЭсВи Эйндховэн/

Голландын Эйндховэн багийн ахлагч Вийналдумыг Рожэрс өөрийн довтолгооны хүчийг зузаатгах зорилгоор авах хүсэлтэй талаар Мэтро сонинд бичсэн байна. 23 настай довтолгооны хагас хамгаалагч 2011 онд Эйндховэнд анх ирснээсээ хойш тогтмол сайн тоглолтыг үзүүлж байгаа бөгөөд улсынхаа шигшээ багтаа 3 тоглолт хийчихсэн юм байна. Гэвч тэрээр яг одоо нурууны бэртлээсээ болоод хөлбөмбөгөөс сүүлийн хэдэн сард холдоод байгаа бололтой.

Жамаал Лассэлэс /Ноттингэм Форэст/

Ноттингэм Форэстын залуу од Английн 20-с доош насны шигшээ багийн хамгаалагч Жамаал Лассэлэсыг Прэмьер Лигийн багууд аль хэдийн анхааралдаа авсны нэг нь Ливэрпүүл гэнэ. Түүний төлөө Арсэнал болон Ньюкасл багууд ч хүч үзэх бололтой. 2012 онд багтайгаа урт хугацааны гэрээ байгуулсан залуу хүүд дээд лигт, өөр төвшний багт очих боломж гарвал тэрээр үгүйсгэхгүй нь лавтай. Форэст баг шинэ хамгаалагчийн эрэлд гарч Рийдинг болон Хулл Сити багуудын тоглогчдод санал тавиад байгаа нь дээрх мэдээллийг баталж байна хэмээн Телеграф мэдээлж байна.

Арда Туран /Атлэтико Мадрид/

Наймааны цонх бүрээр л Ливэрпүүл сонирхож байгаа тухай мэдээлэл нь цацагдаж байдаг нэг хүн бол Туркийн шигшээ багийн тоглогч Арда Туран. Энэ удаад ээлжит цуу яриа дэгдсэн ч тэрээр үүнийг няцааж байна. “Би энэ хотод сайхан байна. Би тайван байж өөрийнхөө хөлбөмбөгт анхаарлаа бүрэн хандуулж чадаж байгаа. Клубын тусламжтайгаа би энд яг л гэртээ байгаа юм шиг байна. Би Атлэтикотой 2017 он хүртэл гэрээтэй. Энэ гэрээндээ ч сэтгэл хангалуун байдаг. Би Атлэтикотой хамт олон амжилтанд хүрч олон цом өргөхийг хүсч байна” гэж мэдэгджээ.

Эммануэл Агеманг-Баду /Удинэзэ/

Италийн хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Гана улсын харьяат хамгаалах чиглэлийн хагас хамгаалагч залуугийн төлөө Брэндан Рожэрс Удинэзэ баг руу санал илгээсэн гэсэн байна. Тэрээр Ганын шигшээ багийн төлөө 41 тоглолтыг хийсэн билээ. Гэвч 23-тай залуу нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа: “Би өөрийн төлөөлөгчөөсөө ямар нэгэн саналын тухай мэдээ аваагүй л байна. Ирэх 2 долоо хоногт юу болохыг мэдэхгүй байгаа ч Англид тоглоно гэдэг бол үргэлж миний мөрөөдөл байсан. Өнгөрсөн жил Европа Лигийн хүрээнд бид Ливэрпүүлийн эсрэг тоглож байсан. Тэд бол энэ жил маш сайн амжилт гаргаж буй Европын томоохон клубуудын нэг учраас би тэдний нэг болбол маш их баяртай байх болно. Би Италид сайхан байгаа хэдий ч Ливэрпүүл шиг том клубт үгүй гэж хэлж чадахгүй” гэж ярьжээ. Брэндан Рожэрс Суонсид байх үеэсээ л Агеманг-Бадугийн тоглолтонд ам сайтай байсан байна. Тэрээр Ливэрпүүлийн хүчийг зузаатган одоогийн амжилтаа бататгахын тулд түүнийг багтаа элсүүлэх магадлал өндөр байгаа ажээ.

Алэссио Чэрчи /Торино/

Турин хотын багийн жигүүрийн довтлогч Алэссио Чэрчи өвлийн наймааны цонхоор Ливэрпүүлтэй холбогдсон гэсэн шуум мэдээ газар авч байна. Тэрээр энэ улиралд 19 тоглолтонд оролцож 9 удаа эсрэг багийнхаа хаалганы торыг хөдөлгөжээ. Түүний төлөө Ливэрпүүлээс гадна Манчэстэр Юнайтэд баг санал тавихад бэлэн байгаа гэнэ. Харин тэрээр саяхны нэгэн ярилцлагадаа: “1-р сард би хаашаа ч явахгүй гэж 100% -ийн итгэлтэйгээр хэлнэ. Би эндэх баг бол хөгжөөн дэмжигчдийнхээ төлөө бүх хүчээ шавхах болно. Харин зуны цонхоор яахыгаа хэлж мэдэхгүй юм. Ямар нэгэн санал ирвэл би төлөөлөгчтэйгээ хамтран судалж үзнэ. Ирээдүйд би багаа орхиж шинэ баг руу явж болох юм” хэмээжээ. Тэрээр одоо 26 настай.

Эвэртон Рибэйро /Крузэйро/

Бразил найруулагч, 24 настай Эвэртон Рибэйрогийн төлөө Прэмьер Лигийн хэд хэдэн багууд санал ирүүлсний дотор Ливэрпүүл болон Манчэстэр Юнайтэд нар багтаж буй гэнэ. Түүний төлөөлөгч мэдэгдэл хийхдээ: “Прэмьер Лигийн багаас Крузэйро багт Эвэртон Рибэйрогийн төлөө 8,3 сая паунд буюу 10 сая евро төлөх санал ирсэн хэдий ч тодорхой шалтгааны улмаас би багийнх нь нэрийг хэлж чадахгүй нь” гэжээ.

“Би Крузэйрод энэ саналыг танилцуулсан бөгөөд хэд хоногоос бид энэ талаар хэлэлцээрийн ширээний ард суух болно”

Харин Рибэйро өөрөө “Би дэлхийн аль ч лигт сайн тоглолтоо гаргаж чадна” гэж мэдэгдсэн байна. Өнгөрсөн улиралд Крузэйро баг гурав дахь удаагаа Бразилийн аварга болоход тэрээр 15 гоолоор тусласан байна.

Эдгээр тоглогчид дээрээс нэмэгдээд Аяаксын жигүүрийн довтлогч 19 настай Рикардо Кришна, Шалькэ багийн 29 настай Жэффэрсон Фарфан /11 сая паунд, харин гэрманы баг 15 саяыг хүсч буй/, Айнтрахт Франкфуртын 24 настай хамгаалагч Карлос Замбрано,  Кристиан Тэллог Барсагаас зээлээр, Дэрби Каунтигийн залуу од Вилл Хьюз, Пари Сэн Жэрмэйн клубтэй Иохан Кабаэгийн төлөө, довтолгооны хүчээ нэмэхийн тулд Лойк Рэми гэх мэтээр Англи сэтгүүлчид амандаа орж, нүдэндээ харагдсантайгаа л Ливэрпүүлийг холбож байна. Эцэст нь Рэал Мадрид клубтэй дөнгөж саяхан 2 жилээр гэрээгээ сунгасан Шаби Алонзог Ливэрпүүлд эргэн ирнэ гээд л бичицгээж л байна.

Мохамэд Салахын наймаа гацаанд орсон шалтгаан нь тодорхойгүй байна. Магадгүй өнгөрсөн зуны цонхоор Хэнрих Мхитарянтай хэрхэн холбогдож яриа шуугиан дэгдэж байсантай адил байдалд орох бололтой. Янн М’Вилла -г Рубин Казанаас авна гэсэн яриа наймааны цонх нээгдэхээс өмнө яригдаж эхлэсэн шалтгаан нь тэр Мамаду Сахогийн дотны найз бөгөөд Анфилдэд ирж тоглолт үзсэн явдал байсан ч энэ бас л зүгээр цуу яриа болоод л өнгөрөх бололтой.

Нисдэг Чэстмир

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …