Яруу найраг: “Дөрөө”

B_GalsansukhЯруу найрагч Б.Галсансүхийн “Дөрөө” шүлгийг та бүхэндээ толилуулья

 

 

           

                                                                ДӨРӨӨ

Элбэгдорж, Энхболд Зандаахүүгийн, Алтанхуяг энэ тэр шиг жижигхээн дөрөө жийж

Эцсийн далайг зорьсон эрэлхэг, дайчин, баатар эрсийн араас

Шарж Аль Шейхын наран шарлагын газарт хүрээд

Сартай шөнө Сангибат бид хоёр хуванцар сандалд зэрэгцүүлэн суугаад

“Морьтой Чингэс” задлангаа улаан тэнгисийн уурлахыг сонсож

Монгол хэлээр хашхиралдангаа маш удаан

Цогиулахад цаад өвөг дээдэс чинь хас тамгатай дөрөөгөө (Кайр хотын

Цамхаг Цитаделийн хормойд) мулталж лхагва, ням

Гаригт шаазан хуланд айраг сөгнөн хуруудаж, шандаст хүлгээ уралдуулж

Гадуур дотуур бөөн найр, наадам үүсгээд дуусахгүй

Гизагийн сац суваргатай арван хоёр ханат

Гэрээ хүрээ үүсгэн бариулж суугаад шонхор шувуугаа хооллож

Тал нутгаа үгүйлэн тэнхээт нумаа эвшээлгэхэд

Таван зуун тохой өндөр суваргын дээгүүр

Тавьсан сум нь ниссэн болоод сураг тасрахад

Ойрад биелгээ, бэлхүүсийн бүжиг юутай

Ойрхон бэ? Гээд инээлдэн жаргаад

Энхбаяр, Энхтүвшин, Энхболд Миеэгомбын энэ тэр шиг асуудалтай

Элдэв асуудалгүй төмөр, яс, модон дөрөөгөө

Тас хийтэл нь жийгээд хав хийтэл мордохдоо

Тэнгэр мэдтүгэй хэмээн ташуураа өргөснийг

Галсансүхийн дөчин нэгдүгээр оны нэгдүгээр сарын

Гал нохой өдөр ганцаараа бичиглэн суухад

Гадаа цас ганц нэгээр ширхэглэн ширхэглэн шүхэрлэснээ

Галзуурсан лугаа малгайлан орж эхэлвэй

 

Эх сурвалж: biirbeh.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …