Хүн амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байхдаа хүчиндүүлж, хүүхэдтэй болсон хэмээн О гэх ялтан бүсгүй Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргажээ.
Тодруулбал, өнгөрсөн арванхоёрдугаар сарын 23-ны өдөр тус дүүргийн цагдаагийн хэлтэст О нь “Би нь 2007 онд хүн амины хэрэгт сэжиглэгдэн урьдчилан хорих 461 дүгээр ангид /хуучнаар Ганц худаг/ саатуулагдаж байхдаа хүчиндүүлж, жирэмсэн болж хүүхэд төрүүлсэн” гэсэн өргөдлийг хүргүүлсэн байна. /ШШГЕГ-ын цагдан хорих 461 дүгээр анги нь 2007 онд Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрладаг хуучин Ганц худаг байв/
Тиймээс Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэс өргөдлийг нь хүлээн авч, дүүргийн прокурорын газарт танилцуулснаар энэ сарын 3-ны өдрөөс эхлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Тэгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.5-т зааснаар хэрэг үүсгэсэн байна. Тус зүйл ангид албан тушаал, эд хөрөнгийн болон өөр байдлаар эрхшээлдээ байгаа хүнийг хүчиндсэн бол 5-10 жил хүртэлх хугацаагаар яллана гэж заажээ.
Гэхдээ ялтан О-г хүчиндсэн гэх хэрэгт хэн нэгэн албан тушаалтан холбоогүй.Харин тухайн үед Ганц худагт аж ахуй үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан ялтан Н холбогдсон байна. Ял эдэлж байгаа эрэгтэй ялтнуудын хувьд хийсэн хэрэг нь хөнгөн, жирийн дэглэмд хоригдож байгаа, зан төлвийн хувьд засарсан ялтнууд аж ахуйн үйлчилгээний ажилтан хийдэг байжээ.
О-г хүчиндсэн гэх ялтан Н-ийн хувьд ялаа эдэлж дуусаад суллагдчихсан ч О-гийн гомдлоор түүнийг гадуур шалгаж байгаа аж.
Тэрээр мөрдөн байцаалтын явцад “Би түүнийг хүчиндээгүй. Бид хоёр харилцан тохиролцсоны үндсэнд бэлгийн харьцаанд орсон” хэмээн мэдүүлжээ. Тиймээс дүүргийн цагдаагийн хэлтэс ялтан О-г хүчиндүүлсэн эсэхийг хоёр сарын хугацаанд шалгах бөгөөд шалгалтын хариу ирэх гуравдугаар сард гарах аж.
Мөн уг хэрэгт Ганц худагийн албан хаагчдын оролцоо байгаа эсэх, хэн гэгч алба хаагч оролцсоныг тодруулахаар мөрдөн байцаалт явуулж эхэлсэн байна. Учир нь шалгагдаж байгаа сэжигтэн бусадтай уулзаад жирэмсэн болно гэдэг байж боломгүй асуудал аж. Ганц худагийн бүх өрөө харгалзагч, хянагч нарын хараанд байдаг бөгөөд тодруулбал, хийж буй үйлдэл бүр нь камерийн бичлэгт хураагддаг байна.
Камерын бичлэгээс гадуур буюу Ганц худагийн бүсээс гадагш нэвтрэх тохиолдолд алба хаагчдаас зөвшөөрөл авч гардаг байна. Гэтэл ялтнууд камерын бичлэгээс гадуур буюу Ганц худагийн бүсээс нэвтэрч бэлгийн харьцаанд орсон нь алба хаагчдын оролцоо бий хэмээн үзэж байгаа аж. Алба хаагчдын оролцоогүйгээр тэд камерийн бичлэгээс гадуур гарах боломжгүй.
Өргөдөл гаргасан ялтан О-гийн хувьд хэрэг гарах үед Ганц худагт хүний амины хэрэгт сэжиглэгдэн саатуулагдаж байсан бөгөөд шүүхээс гэм буруутайг нь тогтоосноор өдгөө ШШГЕГ-ын харьяа эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид ялаа эдэлж байгаа аж. Харин хүүхэд нь нэг нас хүртлээ ээжтэйгээ хорих ангид хамт хоригдож байгаад одоо ар гэрийнхнийх нь халамжид очжээ. Хүүхэд энэ жил таван нас хүрч байгаа гэжээ.
эх сурвалж: dorgio.mn Б.Чимэг