Сүүлийн үед хууль хяналтын байгууллагынхан олон нийтэд үнэн зөв, бодит мэдээлэл өгөхөө больжээ. Төрийн өндөр албан тушаал хашиж байсан эрхмүүд аливаа хэрэгт орооцолдлоо гэхэд тэдний тухай анхны мэдээллийг хуулийнхан л хэвлэлийнхэнд өгдөг.
Иймэрхүү хэд хэдэн хэрэг ээлж дараалан давтагдаад байгааг олон нийт мэдэж байгаа.
Эдгээрийг нурших хэрэггүй ч энэ удаа Газрын тосны хэрэг эрхлэх газрын дарга асан Д.Амарсайханыг чухам ямар хэргээр хорьсон, байцаалт, шалгалт нь ямар шатанд байгааг олон нийтэд сонордуулахыг зорьсон юм.
Яагаад гэвэл улсад олон тэрбумын хохирол учруулсан байж ч болзошгүй энэ хэрэг нийтийн анхаарлыг татсаар байгаа хэрэг өнөөдрийг хүртэл нууцлагдаж, мэдээллийг нь дарсаар бас л замхруулах вий гэх хардлагыг төрүүлэх боллоо.
Өнгөрсөн онд түүнийг ажлаа өгснийх нь дараа нууц гэрээгээр халхавчлан газрын тосны орлогоос нэг хувийг нь хувьдаа завшиж байсан ноцтой хэрэг илэрсэн тухай бөөн дуулиан шуугиан дэгдсэн.
Хэдийгээр энэ нь манай улсад өрнөж буй үйл явдал ч БНХАУ-ын хууль хяналтынхны анхаарлыг багагүй татсан. Дээрх хэргийн сэжүүр олон нийтэд дэлгэгдэх үеэр Д.Амарсайханыг гадаад руу зугтаад явчихсан гэж хууль, хүчнийхэн ч эхэндээ ярьцгааж байсан.
Гэхдээ тэрбээр хуулийнхны хараа хяналтаас мултарч чадалгүй, өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд саатуулагдаж, цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа. Харин ямар хэргээр гэдгийг нь одоо хэр нь нууцалсаар байна.
Албаны зарим эх сурвалж “Түүний хийсэн хэргийг ингэж нууцалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний өмнөөс ял үүрүүлэх гэж байна” гэсэн юм.
Тэгээд ч сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтныг ажлаа хүлээлгэн өгөнгүүт нь ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг “моод” манай улсад их л түгээмэл болсон нь нууц биш.
Уг нь өнгөрсөн оны есдүгээр сард дээрх эрхмийг ямар хэрэгт холбогдсон талаар УМБГ-ын дарга, хурандаа Ц.Батсүх доорх мэдээллийг өгч байсан. Тэрбээр “Түүний удирдаж байсан байгууллагаас 417 мянган баррель буюу 40.5 сая доллараар үнэлэгдэх газрын тос сох дутчихаад байгаа.
Шалгалтын явцад үүнээс ч их хэмжээгээр алга болсон нь тогтоогдсон. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу манай улсын төсөвт орох ёстой 24 хувийн орлогоос нэг хувь нь Хонконг дахь “SunWang” гэх компанийн данс руу орж байсан нь батлагдсан” гэж мэдэгдсэн.
Түүнчлэн эл хэрэгт холбогдуулан тухайн үед тус газрын дарга, дэд дарга, Гадаад худалдааны хэлтсийн дарга, ерөнхий нягтлан бодогч зэрэг дөрвөн албан тушаалтныг сэжигтнээр шалгасан.
Хэдийгээр тэд хэрэг хийсэн эсэх нь олон нийтэд сонирхолтой биш ч Монгол Улсын иргэн учраас улсын төсөвт орох ёстой хөрөнгө, мөнгө чухам юуны учир, яагаад замаасаа алга болоод байдаг нь хачирхалтай асуудлуудын нэг.
Тиймээс л өнөөг хүртэл Д.Амарсайханы хэрэгт чих тавин суугаа.
Бидэнд олдсон мэдээллээр Д.Амарсайхан татварт орох ёстой их хэмжээний мөнгийг хувьдаа завшиж байсныг аудитынхан шалгалтаар илрүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл “Sun- Wang” компанийн данс руу зөвхөн Монголынх биш БНХАУ-ын Засгийн газарт орох ёстой хувиас нэг хувь нь шилжсэн төдийгүй тус компаниас тодорхой хэмжээний мөнгө манай улсын арилжааны нэгэн банкинд шилжин ирж түүнийг нь өөр хүний нэр дээр нууц данс нээгээд ашиглаж байсан нь тодорхой болжээ.
Түүнчлэн Газрын тосны газар болон “Петрочайна Дачин Тамсаг” нь хуурамч тайлан гаргаж өгдөг байсан зэрэг ноцтой асуудал гарсныг тогтоосон юм билээ.
Өөрөөр хэлбэл мэргэжлийн байгууллагаас тус газрын 2007-2012 оны тайлан тооцонд үндэслэн дүгнэлт хийхэд 51.4 сая ам.доллар буюу 465.264 баррель тосны зөрүү гарсан байдаг.
Тухайлбал газрын тосныхон 2010 оныхоо тайланд 12.95.660 баррелийг борлуулсан гэж дурьдсан бол, Хятадын талынхан 15.41.284 баррель гэж 245.624 баррелийн зөрүүтэйгээр тайландаа тусгасан байгаа юм.
Тэгэхээр “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн олборлосон газрын тосны борлуулалтын орлогоос Монгол Улсын Засгийн газарт ногддог 24 хувиас нэг хувь нь автоматаар Хонгонг руу урсаж байжээ.
Ямартай ч Д.Амарсайханыг дээрх үйл явдлуудаас эдийн засгийн томоохон гэмт хэрэг хийсэн байж болзошгүй гэж сэрдэж байгаа. Гэтэл түүний хийсэн хэргийг юуны учир өнөөдрийг хүртэл чандлан нууцлав гэдэг нь л олны сонирхолыг улам их татсаар байгаа.
Магадгүй сар гаруй хоригдож байгаа Д.Амарсайханы ард одоо төрд байгаа болон өмнө нь төрд алба хашиж байсан томоохон эрхмүүд сууж байгаад энэ ээдрээтэй, эдийн засгийн томоохон гэмт хэргийг замхруулахаар боломжит цагийг хүлээж байхыг үгүйсгэх аргагүй.
Яагаад гэвэл төр, түмний хэдэн арван тэрбумын хөрөнгө, мөнгийг хулгайлан завшигчид сүүлийн үед яг л ийм арга, замаар ял завшин тарвалзах болсон.
Р.Саруул