Монгол вундеркиндүүд тодорлоо

mongol bunkind “Монгол Вундеркинд-2013” газарзүйн олимпиад бүтэн сарын турш үргэлжилж үндэсний ялагчид тодорч ирэх сард Дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр болжээ.

National Geographic Society буюу Үндэсний Газарзүйн Нийгэмлэг тус олимпиадыг зохион байгуулж Монгол хүүхдийн оюуны чадамж, мэдлэгийг дэлхийн хэмжээнд  сорих боломжийг олгож буй юм.

Монголд анх удаа зохион байгуулсан энэхүү олимпиадад Улаанбаатар хотоос гадна Налайх, Багануур зэрэг захын дүүрэг, мөн Хөвсгөл, Дундговь, Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн улсын болоод хувийн сургуулийн сурагчид оюун ухаанаа сорилоо. Олимпиадын 1-р шатанд 360 гаруй сурагч газарзүйн өргөн хүрээний асуултуудад англи, монгол хэлээр бичгийн шалгалт өгч, дараагийн шатанд 120 сурагч өрсөлдсөн юм. Хоёрдугаар шат мөн л бичгийн шалгалт хэлбэрээр явагдаж шилдэг 50 сурагчийг тодруулсан бол  3, 4-р даваа телевизийн уралдаант нэвтрүүлэг хэлбэрээр NTV телевизээр олон нийтэд хүрсэн. Ийнхүү ирэх сард ОХУ-ын Санкт Петербург хотод болох Газарзүйн дэлхийн аварга шалгаруулах “The National Geographic World Championship” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхийг Сант сургуулийн 11-ийн “Б” ангийн сурагч Ганболдын Төрболд, Монгол Туркийн хамтарсан сургуулийн 11-ийн “С” ангийн сурагч Уламбаярын Баярбат, Сант сургуулийн 10-ийн “Б” ангийн сурагч Лхагвасүрэнгийн Амарболд нар гардлаа. Алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болсон хүүхдүүд “National Geographic Монгол” сэтгүүлийг 2 жил, 3 жил болон насан турш үнэгүй захиалан унших эрх, Олон улсын хүүхдийн Найрамдал зусланд амрах эрх,  эцэг эхийнхээ хамт Хөвсгөл болон Өмнөговь аймагт аялах нислэгийн тийз зэрэг сонирхолтой шагнал урамшуулал хүртсэн юм.

Сурагчдын газарзүйн мэдлэгийг дээшлүүлэх, байгаль, газарзүйн шинжлэх ухааны сургалтын агуулга, хэлбэрийг баяжуулах, энэ чиглэлээр цаашид шимтэн суралцах, мэргэжил эзэмших сурагчдын хүсэл сонирхлыг дэмжих, эх дэлхийгээ хайрлах хандлага, зан үйлийг төлөвшүүлэхэд хувь нэмэр оруулах зорилготой энэхүү олимпиадыг National Geographic Монгол төсөл, National Geographic Kids Монгол сэтгүүлээс санаачлан, Швейцарийн Хөгжлийн Агентлаг, БШУЯ, ШУА-ийн Газарзүйн Хүрээлэн, МУИС-ийн Газарзүй, Геологийн сургууль, ШУТИС-ийн Мэдээлэл Технологийн сургууль, PC Mall болон NTV телевизтэй хамтран  зохион байгуулсан юм.

Газарзүй, танин мэдэхүйн “Монгол Вундеркинд 2013” олимпиадын ялагчидтай уулзаж сэтгэгдлийг нь сонслоо.

 “Сант” сургуулийн 11б ангийн сурагч Г.Төрболд: _7004563

-“Монгол Вундеркинд -2013” олимпиадын аварга маань газарзүйн шинжлэх ухаанаас улбаатай маш сонирхолтой мэргэжил сонгожээ. Яагаад геополитикч болохоор шийдэв?

–  Аав минь олон улсын хуульч мэргэжилтэй учраас би багаасаа дэлхийн улс орнуудын тухай ааваасаа сонсч, өөрөө уншиж мэдэж, олон улс судлалыг сонирхох болсон. Геополитикийн ухаан Дэлхийн улс орнуудын улс төрийн шийдвэр болон хэтийн төлөвийг газарзүйн шинжлэх ухааны хүрээнд тайлбарладаг. Түүх, нийгэм, газарзүйн хичээлд илүү сонирхолтой учраас энэ мэргэжлийг сонгоод байна.

Өнөөдөр шийдвэрээ хэрхэн гаргах, өөрийгөө хэрхэн боловсруулж байгаагаас ирээдүйн амжилт шалтгаалдаг. Өөрийгөө хэр бэлдэж байна?

-Одоо сургуулиа төгсөөд Канадад сурахаар төлөвлөж байна. Тэндхийн коллежэд сурахын тулд ахлах сургуулийн төгсөх шалгалтыг нь өгсөн байх шаардлагатай. Тэр шалгалтаа өгөөд байна. Канадын ахлах сургуульд сурч төгсөөд хүссэн мэргэжлээрээ коллеж, их сургуульд сурна даа.

Газарзүйн шинжлэх ухаан геополитикч болоход чинь ямар нөлөө үзүүлэх вэ?

-Геополитикийн гол суурь нь газарзүйн шинжлэх ухаан юм.

Ирээдүйн геополитикчийн нүдээр өнөөдрийг харвал?

-Дэлхий дахины хувьд маргаантай бүс нутгууд байсаар байна. Сири улс, Европын хямрал, шашны мөргөлдөөн гэх зэрэг олон асуудлууд байгаа. Манай орны хувьд бол төмөр зам, ашигт малтмалын орд зэрэг асуудлууд бий. Гэвч геополитикч бол асуудлыг шийддэг мэргэжил учир асуудал байвал ажилтай л гэсэн үг. Би ирээдүйд геополитикийн тулгамдсан асуудлуудыг шийдэж хэтийн төлөвийг тодорхойлоход хувь нэмрээ оруулах хүн болно.

 Ugluu.mn

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …