Сүхбаатар аймгийн Онгон сумын зарим малчдын хотонд малын гоц халдвар өвчин гарч, хорио цээр тогтоогоод байгаа билээ.
Тодруулбал тус сумын I, III багийн нутагт “А” хэвшлээр үүссэн олон улсын худалдааны хорио цээрт мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин гарсан болох нь шинжилгээгээр тогтоогдсон юм.
Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар одоогоор 7-8 айлын 86 үхэр өвчлөөд байгаагаас 82-ыг нь устгалд оруулжээ. Хэдийгээр халдварын голомтод шүлхий өвчинтэй тэмцэх ажлыг заавар, журмын дагуу хэрэгжүүлж байгаа хэдий ч халдварын тархалт тэлэх хандлагатай байгаа аж.
Иймд өчигдрөөс эхлэн аймгийн Онцгой байдлын комисс, Засаг даргын шийдвэрээр аялал жуулчлалын бүс нутаг болох Дарьганга сумын Шилийн богд, Алтан-Овоо, урд сумдын нутаг дэвсгэрээр явах замын хөдөлгөөнийг бүрэн хязгаарлаж, өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.
Улмаар амралтаараа гэртээ ирсэн оюутан, сурагчдыг ариутгасан машинаар буцааж байгаа төдийгүй аймаг руу орох урсгалыг ч хаажээ.
Харин Онцгой байдлын ерөнхий газраас сар шинийн баярыг тохиолдуулан зохион байгуулдаг хурдан морины уралдаан, уул овоо тахих Шилийн богд, Алтан овоо арга хэмжээг цуцлах, Онгон, Наран, Дарьганга сумдын сурагчдын амралтыг сунгах, аймаг, сумдад зохион байгуулагдах олон нийтийг хамарсан хурал, цуглаан зэрэг бусад арга хэмжээг тодорхой бус хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна.
Мөн халдварын гарал үүсэл, тархалтын хүрээг тогтоох ажлыг энэ сарын эхний 10 хоногт дуусгах үүрэг өгчээ.
Харин өвчлөмтгий малд тарих вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх, халдварын голомт дахь хөдөлгөөнийг тодорхой бус хугацаагаар зогсоох, шүлхий өвчин гарсан бүс нутаг тэдгээртэй хил залгаа сум, аймгийн нутаг дэвсгэр дэх шүлхий өвчнөөр өвчлөмтгий мал, тэжээвэр болон зэрлэг амьтдын дунд хийх тандалтыг эрчимжүүлэх зэрэг арга хэмжээг шуурхай зохион байгуулахаар ажиллаж эхэлжээ.
Гэртээ ирж буй суурин иргэдээс бусад хүмүүсийг аймгийн урд талын сумд руу оруулахгүй байгаа аж.
Б.Төрбат