Улсын хөдөлмөрийн салбарын бодлогын судалгаа хийх, урт хугацаанд баримтлах бодлого боловсруулах ажлын хүрээнд Хөдөлмөрийн яам болон АНУ-ын РЭНД корпорацийн хамтран ажиллах гэрээнд Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, ерөнхийлөгч ноён Чарли Рөүз нар гарын үсэг зурлаа.
Энэхүү гэрээг байгуулсанаар Монгол Улсын хөдөлмөрийн салбар дахь саад бэрхшээлүүдийг судалж түүнийг амжилттай даван туулах арга замыг тодорхойлно.
АНУ-ын РЭНД корпораци нь 1948 онд байгуулагдсан эрүүл мэнд, боловсрол, олон улсын харилцаа, хүрээлэн буй орчин, аюулгүй байдал, нийгмийн асуудлын хүрээнд судалгаа шинжилгээний ажил хийж засгийн газаруудад зөвлөгөө өгдөг ашгийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь 60 жилийн турш АНУ-д болон болон бусад орнуудад бодлого боловсруулахад нь туслалцаа үзүүлж ирсэнээс гадна сүүлийн 20 гаруй жил БНХАУ, Катар, Курдстан зэрэг хөгжиж буй орнуудтай хамтран ажилласан олон жилийн туршлагатай супер тинк-танкуудын нэг юм. РЭНД корпорацид өнөөдөр 1000 гаруй эрдэмтэд ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийг хөгжүүлэх судалгааны төслийг Харвардын Их Сургуулийн доктор, Ховард Шатц, Стэнфордын их сургуулийн доктор Лоу Констант нар хамтран удирдах бөгөөд АНУ-ын талаас 5 эрдэмтэн оролцоно.
Энэхүү гэрээг хэрэгжүүлэх үүргийг Монголын талаас Хөдөлмөрийн яамны харъяа хөдөлмөрийн судалгааны институт хариуцан ажиллах бөгөөд тус байгууллагын 5 судлаач хамтран ажиллаж энэ хугацаанд бодлого боловсруулах чадавхиа бэхжүүлэхэд анхаарах юм.
Энэхүү гэрээ байгуулах ёслолд УИХ-ын гишүүн Баярцогт, Хүрэлбаатар, Цолмон нар оролцсон бөгөөд цаашид Судалгааны ажлын үр дүнд бий болсон урт хугацааны бодлогыг хэрэгжүүлэхэд парламентэд суудалтай намууд анхаарч ажиллахаа илэрхийлэв. Өөрөөр хэлбэл сонгуулийн хугацаагаар хязгаарлагдахгүйгээр баримтлах бодлогоо тодорхой болгох дээр улс төрийн намууд ч анхаарч нэгдмэл зорилготой болгох боломжийг судалгааны төслийн эхний шатнаас бий болгож буйгаараа ач холбогдолтой юм.