Татварын хөнгөлөлтийн буцаан олголтын мөнгийг гуравдугаар сарын сүүлээс өгч эхлэхээр болжээ. Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт эдлэх хүмүүсийн материалыг энэ сарын 14-нийг хүртэл дүүргүүдийн Татварын хэлтэст хүлээн авах бөгөөд хугацаа хэтэрсэн, бичиг баримт дутуу, бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй бол дансанд буцаан олголтын мөнгө шилжихгүй саатдагийг албаныхан анхааруулж байна.
Сангийн сайдын 104 дүгээр тушаалаар материалыг хүлээн авснаас хойш 35 хоногт багтаан олгох тушаалын дагуу ирэх сарын сүүлчээр буцаан олголт авах иргэдийн дансанд мөнгө орох аж. Өмнөх жилүүдэд татварын буцаан олголтыг тавдугаар сараас олгодог байсан бол энэ жил ийнхүү хугацааг наашлуулсан байна.