800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ

-Энэ жил 800 орчим тариаланчдад урамшуулал олгохоор болжээ-

Буудайн улсын нөөцийг хангалттай бүрдүүлэх, үндэсний үйлдвэрүүдийг түүхий эдээр тасралтгүй хангах, тариалан эрхлэлтийг дэмжихээр тариаланчдад үндэсний үйлдвэрт тушаасан буудайн тонн тутамд урамшуулал олгодог билээ. Өмнө нь энэ урамшуулал 50 мянган төгрөг байсан бол цаг үеийн шаардлагаар 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлсэн юм. Энэ жилийн хувьд сар шинийн баяр эрт болсон учир зарим тариаланчид урамшууллыг олгохгүй удаж байна гэсэн гомдол гаргаж байв. Тэгвэл урамшууллыг нэгдүгээр сараас олгож эхэлсэн талаар Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас мэдээлжээ. Энэ жил тариаланчдын ирүүлсэн материалыг үндэслэн нийт 800 орчим иргэн, аж ахуйн нэгжид дээрх урамшууллыг олгохоор болжээ. Урамшууллын нийт санхүүжилт 25 тэрбум төгрөг бөгөөд одоогийн байдлаар урамшуулал авах нийт тариаланчдын 50 хувьд нь олгоод байгаа аж. Үлдсэнийг хоёрдугаар сард багтаан олгох талаар албаныхан хэлсэн юм.

Урамшууллаа хэрхэн авах вэ?

Ер нь тариаланчид хөдөө орон нутгийнх байдаг. Тиймээс материалаа бүрдүүлж өгөөд, мөнгөө авахдаа хот орно гэсэн ойлголт энд байхгүй. Тодруулбал, хэрэв та урамшууллаа жил бүр аваад хэвшчихсэн бол харилцдаг банкиндаа эзэмшдэг хувийн дансаар дамжуулан авах боломжтой. Энэ дансны дугаараа мэдээж урамшуулал авахад бүрдүүлэх материалдаа хавсаргасан байх учир шууд бэлэн мөнгөөр хаа нэгэн газраас бус, дансаараа авах юм.

Анх удаа урамшуулал авах гэж байгаа бол тариаланчид тарьсан буудайнхаа актыг харьяа аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн газарт арваннэгдүгээр сарын 1-ний дотор бүрдүүлж өгөх хэрэгтэй ажээ. Өөрөөр хэлбэл, нийт хураасан тарианы тонн, эрүүл ахуйн шаардлага хангасан талаарх бичиг, тухайн тариаланчийн тодорхойлолт, оршин суугаа гэрийн хаягийг баталсан Засаг даргын болон улсад төлж буй татварын тодорхойлолтыг бүрдүүлэх юм байна. Ийнхүү оны эхнээс олгож эхэлдэг байна.

Улсын нөөцийг сахих бодлого

Буудайнд урамшуулал олгох болсон нь учиртай. Ингэхдээ гадаадын нэгэн этгээдэд буудайгаа их хэмжээгээр зарсан бол урамшуулал олгохгүй. Зөвхөн үндэсний үйлдвэр болон Тариалан эрхлэлтийг дэмжих санд тушаасан бол тонн тутамд нь 100 мянган төгрөг олгох юм. Энэ нь дээр хэлсэнчлэн дотоодын буудайн нөөцийг хангах, тариалан эрхлэх сонирхлыг нэмэгдүүлэх, тариаланчдыг дэмжих үндсэн зорилготой. Үүний цаана улсын нэгэн том бодлого гэж хэлж болохоор зүйл бий. 2013 оны гуравдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Хүнсний тухай болон Хүнсний аюулгүй байдлыг хангах тухай хуульд буудайг улсын стратегийн бүтээгдэхүүн болгосон. Үүнд мах, сүү, ундны ус, буудай, гурилыг оруулан тооцож, улсын нөөцийг хангахад гойд анхаарах ажээ. Иймээс л буудайн нөөцийг бүрдүүлэхэд анхаарч, тонн тутамд урамшуулал олгохоор болсон юм.

У.БОЛОР

Эх сурвалж: “NEWS WEEK” сонин №047

Санал болгох мэдээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ

Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр Ч.Чимэдсүрэнг томилжээ.Тэрээр Сангийн яамны Хөгжлийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын газрын …