УИХ-ын гишүүн Ц.Нямдоржтой ярилцлаа.
-Хууль зүй, дотоод хэргийн сайд байсан хүний хувьд одоо энэ салбарт хийгдэж байгаа шинэчлэлийн талаар та ямар бодолтой явдаг вэ. Санал зөрөлдөх зүйл байгаа л байх даа?
-Эд нарын шинэчлэл гээд байгаа юмыг чинь би Хууль зүйн сайдаар арваад жил ажиллахдаа, бас УИХ-ын гишүүн байх энэ хугацаандаа хоёр үе шаттай хийчихсэн юм л даа. 1992 онд шинэ Үндсэн хууль баталсны дараа тухайн үед мөрдөж байсан хуулиудыг Үндсэн хуульдаа нийцүүлэх ажлыг тэр үеийн УИХ хийсэн. Тэгэхэд Эрүүгийн хуулийн аж ахуйн эсрэг гэмт хэргийн бүлгийг шинээр батлах, Иргэний хуульд өөрчлөлт оруулах ажлууд хийгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 1994 оны өөрчлөлтийг санаачилсан хүн нь би. Ийм байдлаар 1992 оны Их хурал эхний шатны шинэчлэлийг хийсэн юм.
Харин 1996 оны Их хурал бол ганц хоёр л шийдвэр гаргасан. Сэжигтэн, яллагдагчийн эрх зүйн байдлыг зохицуулсан хууль, гүйцэтгэх ажлын хууль гэдэг ч юм уу, тийм хуулиуд гаргасан.Том бүрэн хэмжээний шинэчлэл бол 2002 онд хийгдсэн юм. Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Иргэний хууль гээд гол хуулиудыг өөрчилсөн. Тэрийг дагаад Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай, шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиуд, Өмгөөлөл, Прокурорын, Шүүхийн гээд 10-аад багц хууль батлагдсан юм. Үндсэн хуулийн хүрээнд хийсэн сүүлчийн том шинэч.лэл бол тэр.Ингэж л Монголын хууль хяналтын байгууллагад мөрдөгдөж байсан хуулиудыг Үндсэн хуульд нийцүүлэх ажил цэгцэрч дууссан даа.
-Шүүхийн тухай шинэ хуулиуд батлагдсанаар байдлыг улам дордуулсан гэж та үзээд байгаа юм аа даа?
-Шүүхийн энэ шинэ хуулиуд батлагдах хүртэл буюу хуучин хуулиуд үйлчилж байхад шүүх 60- аад тэрбум төгрөгийн зардалтай байлаа.Одоо зардлаа 230 тэрбумд хүргэнэ гэдэг тооцоог хийчихээд, тэрийгээ зүтгүүлээд хад мөргөөд сууцгааж байна. Хоёрт, шүүхийн зохион байгуулалтыг буруу хийснээс болж жинхэнэ зовлон одоо л эхэлж байна. Шүүхийг эрүүгийн, иргэний гээд хоёр салгаад хаячихсан. Улаанбаатар хотод хоёр, хоёрыг байгуулсан. Хуучин зургаан дүүрэг дээр шүүх нь эрүү, иргэний хэргээ хамт шийдээд явчихдаг систем байсан юм. Одоо нэг хэсгийг нь эрүүгийнх, нөгөөг нь иргэнийх болгохоор дотор нь хөдөлгөөн хийх боломж хумигдсан. Эрүүгийн шүүх хурал боллоо гэхэд сонирхлын зөрчилтэй гээд 10 шүүгч дотроос сонголтоо хийдэг байсан бол одоо тав болсон. Жилийн хугацаанд 7000 орчим хэрэг шүүхээр ордгийн 50 хувь нь Улаанбаатарт гардаг хэргүүд. Тэрийг зургаан шүүх тасалдаг байсныг хоёр болгочихоор нэг шүүх дээр хэргээ шийдүүлэх хүний тоо эрс нэмэгдэж байгаа. Давж заалдах шатны шүүхийг бүсчлээд байгуулсан чинь одоо жирийн хүн давж заалдах хуралд оролцох ямар ч бололцоогүй болсон. Яллагдагч хүртэл бололцоогүй болсон. Одоо Шүүхийн ерөнхий зөвлөлийн аппарат нь 160 хүний бүрэлдэхүүнтэй нүсэр бүтэц болсон. Ганцхан жилийн дотор шүүхийн захиргааны аппаратыг ийм олон орон тоотой болгох хуулийн болон хэрэгцээний шаардлага байхгүй.
-Тэгвэл Хууль зүйн сайд Х.Тэмүүжин шал дэмий, хэрэгцээгүй ажил хийж, амьдралд нийцэхгүй хууль батлуулах гээд яваа хэрэг үү?
-Сүүлийн үед Засгийн газраас Х.Тэмүүжингийн оруулж ирээд байгаа юмнууд бол манайд огт байдаггүй далайн эрх зүйн систем гэдэг зарчмыг дагадаг Англи, Америкийн системийн дутуу судлагдсан хувилбар. Өөрөөр хэлбэл, манайд огт судлагдаагүй зүйл. Тэрийгээ л хууль болгох гэж оролдоод байна. Тахарын албаны гэдэг ч юм уу. Ер нь бол энэ яриад байгаа хууль сахиулах гэдэг бол Америкт ердөө ганц судалгааны байгууллага байдаг эд л дээ. Тийм л юм оруулж ирээд, тэр нь Монголд таарч өгөхгүй будлиан хутгаад явж байна. Хэргээ таслуулсан хүн шүүхийн шийдвэрийг буруу гэж үзэж байгаа бол давж заалдах шатны шүүх хуралд орно гэвэл тэр хүнийг цагдаагийнхан хуяглаж Ховдын давж заалдах шатны шүүхэд очихоос өөр аргагүй болж байгаа юм. Энэ мэт зовлон бий. Би Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг юмыг хоёр жил толгойлсон. Энэ талаар тэднээс арай илүү мэдлэгтэй.
-Шинэ оны эхнээс Цагдаагийн албаны тухай, Тахарын албаны тухай хуулиуд хэрэгжээд эхэлчихсэн. Ямар хуу дүр зураг харагдаж байна?
-Тахарын албаны тухай гээд шинэ хууль мөрдөгдөж эхэллээ. Алба нь 500 гаруй орон тоотой байх юм гэсэн. Ийм хэмжээний орон тоо бий болгох гэхээр засагт мөнгө байхгүй. Угаасаа ийм алба шинээр байгуулах шаардлага ч Монголд байгаагүй. Тэр гэрч, хохирогчийг хамгаалах хуулийн төслийг чинь манай яаман дээр миний үед хийж байсан юм шүү дээ. Түүгээр бол шинэ алба байгуулахгүйгээр одоогийн цагдаагийн хүрээндээ л хамгаалалтыг нь хийгээд явах бололцоо байсан. Нөгөөтэйгүүр, Тахарын албыг 500 хүнтэй байгууллаа гэхэд Улаанбаатар хот, бүх аймагтаа хуваахаар нэг газарт хэдэн тахар байх юм. Хүн хүч нь хүрэлцэхгүй цагдаагаас л гуйна. Цагдаа нь манайд хамаагүй, асуудлаа шийд гэвэл тэгээд л хад мөргөнө шүү дээ.
-Авлигатай тэмцэх газар, цагдаа, прокурор, шинээр байгуулах мөрдөх алба гээд бүгд л гүйцэтгэх ажиллагаа явуулах нь. Эдгээр хүчний байгууллагууд хоорондоо бас эрх мэдлээ булаацалдаад байх өнгө аяс харагдах боллоо. Та энэ тал дээр юу хэлэх вэ?
-Булаацалдсаар өнөөдөртэй золгосон юм. 1994 онд яагаад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг гишүүний хувиар санаачилж оруулсан бэ гэхээр тэр үеийн хуулийн байгууллагууд эрх мэдлээ булаацалдаад болохгүй байсан юм. Засгийн газар хийж чадахгүй болоод Байнгын хорооны дарга байхдаа С.Төмөр намайг хий гээд би төслийг нь оруулж байсан юм. 2002 онд ч эд нар эрх мэдлээ булаацалдаж л байсан. Одоо ч булаацалдаж байна.
Ингэж эрх мэдэл булаацалддаг өвчний алтан дунджийг нь олж энэ хуулийг гаргах ёстой юм. Нэгэнд нь хэт их эрх мэдэл өгвөл цаад талд буруу ашиглаад хууль сахиулах биш, хүнийг тамладаг байгууллага болж хувирна. Ийм үзэгдэл ч эхнээсээ харагдаж байна. Одоо яаж байна. Баахан шуугиулаад л өчнөөн мөнгө төгрөг идсэн гээд Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө баахан хүнд эрүү үүсгэж, барьж хорьсон. Эсвэл сонгуулийн үед нэр дэвших гэхээр нь барьж хорьдог юм төвд ч, орон нутагт ч гарсан. Энэ юу болж байна гэхээр хууль хяналтын байгууллагыг улс төрийн зорилгоор ашиглаж эхэлж байгаагийн илрэл энэ. Ийм байдлаар хууль хяналтын байгууллага цаашид захиалгаар ажиллаад байвал юу болох вэ.
Захиалгаар ажилладаг халаасны мөрдөх албатай болох ийм санаархал зарим хүний тархинд байна ш дээ. Ийм учраас би хатуу хөтүү үг хэлээд байгаа юм. АН-ыг ганцхан суудалтай цөөнх болчихоод байхад нь миний хэлсэн үг байдаг юм. “Би Монголыг улс төрийн гяндан болгохгүй ээ” гэж. Одоо бол улс төрийн гяндан болгох эхлэл тавигдлаа. Ийм л улс төрийн зорилго шинэчлэл гээд юмны цаана нуугдаж байгааг хэлэх хэрэгтэй. Би АН-ынханд ч хэлж байгаа. Та нар мөнхийн засгийн эрх барина гэж байхгүй. Цөөнх болчихоод байхад чинь энэ хууль та нарын эсрэг улс төрийн зорилгоор хөдлөөд эхэлбэл юу болох вэ гэдгийг бодож байгаа юу гэж хэлсэн.
МАН сонгуульд яллаа гэхэд над шиг хүн хуулийн сайд болоо ч бил үү, үгүй ч бил үү.Нэг тодрох донтой, эрх мэдлээ ашиглаж улс төрийн капиталтай болох өвчин шиг юм гарч ирээд улс төрийн зорилгоор өрсөлдөгч талуудаа шоронд ээлж дараатай хийвэл яах вэ. АН-ынхан эхлүүлсэн би үргэлжлүүлнэ л гэнэ дээ . Ийм хүн гарахыг үгүйсгэх аргагүй ш дээ. Ийм аюулууд байгаа учраас л би хувьдаа сэтгэл дундуур байна. Шинэчлэлийг эсэргүүцсэндээ ингээд байгаа юм биш. Шулуухан хэлэхэд, тун осолтой, улс төрийн зорилготой юм орж ирж байгаа учраас л эсэргүүцээд байгаа юм. Тооцоогүй, судалгаагүй, эцсийн буух бууцаа хараагүй юмыг зөв болж байна гэж би хувьдаа алга ташиж чадахгүй.
-Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжаваас эхлээд Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн хийж буй ажилд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсэн байсан?
-Би Д.Дорлигжавын ярилцлагыг үзсэн. Ер нь бол байцаан шийтгэх таван байгууллагын хэн нь юу хийх вэ гэдгийг эхэлж шийдэж байгаад дараа нь байгууллагуудын хуулиа гаргах ёстой юм. Тэгэхгүйгээр эхэлж байгууллагын хуулиудаа гаргачихаад үндсэн юм руугаа орох гэхээр болж өгдөггүй, тэрийг л ярьсан байна лээ.
Тэгж ярихаас ч өөр аргагүй л дээ. Ил гарч ярьж байгаа нь л Д.Дорлигжав болохооос цаана нь хүчний байгууллагынхан чинь бүгд л энэ шинэчлэл гээч юманд нь дургүй байгаа. Ерөнхийдөө бол Х.Тэмүүжин Үндсэн хуулийнхаа хүрээ, одоо мөрдөж буй хуулийнхаа ерөнхий хайрцгийг мэдрэхгүй л байна даа. Олон өнцгөөс харж ярьдаг, тэр өнцгүүдийнхээ нэгийг хууль болгох гэж оролдоод тэр нь бүтэлгүйтэж байна. Миний ганц эмээж байгаа юм бол хүчний байгууллагуудыг мухардмал байдалд оруулаад хаячих вий дээ.
Зөнгөөрөө үүргээ мэдэрчихсэн, зөнгөөрөө алба нь явж байсныг болохгүй хууль гаргаад сэтгэлийг нь хөргөчих вий гэдгээс л санаа зовж байна. Аргаядаад хуулиуд дээр нь санал хэлээд, тар тур хийгээд явж байна даа. Байнгын хорооны хуралд ч орж хэд хэдэн удаа санал хэлсэн. Ер нь бол ийм хариуцлагагүй байдал газар авахад хоёрхон зүйл нөлөөлсөн.
-Ямар хоёр зүйл вэ?
-Хуулийн салбарт юу хийх ёстой вэ гэдгийг мэдэж байгаа хүн олонх дотор ганц ч алга. Энэ АН-ын бүлэг дотор хуулийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой асуудлыг мэдэрч, мэдэж байгаа, энэ систем хуучин ямар байсан, шилжилтийн үед ямар болсон, одоо юу болж байгааг мэдэж байгаа хүн алга аа. Засгийн газарт ч энийг мэдэж байгаа хүн алга. Хоёрт, энэ Хууль зүйн байнгын хороо гэдэг юм ерөөсөө УИХ- ын бүтцийн үүргээ гүйцэтгэж чадахгүй байгаа юм байна. Би хоёр, гурван удаагийн хуралд нь орж энэ асуудлыг хоорондоо ярилцаж байхыг харлаа. Ямар ч чадваргүй бүрэлдэхүүн байна.
Ер нь аливаа төр шийдвэр гаргахдаа дөрвөн юм харах ёстой байдаг юм. Нэгд, урд нь ямар байсан юм, одоо ямар болгох гэж зорьж байгаа юм. Хоёрт, энэ зорьж байгаа юм нь Үндсэн хуульд нийцэх үү. Гуравт, дэлхий ямар байна. Дөрөвт, ямар үр дүн авчрах вэ гэсэн энэ дөрвөн юмыг харж байж ашигтай бол хууль гаргадаг. Гэтэл одоо алийг нь ч харахгүй байна. Сайд байхдаа миний хамгийн сүүлд оруулсан хууль бол Жолоочийн хариуцлагын даатгалын тухай хууль байсан. Энэ төслийг оруулахдаа мэргэжлийн хүмүүсээр тооцоо хийлгээд, энэ хууль гарвал жилд ойролцоогоор 12 тэрбум төгрөг татвараар цуглах юм байна. Тэрнээс гурван тэрбумын зардлыг аваарын нөхөн төлбөрт хохирогчид олгох юм гэж тооцоо гарсан.Ноднин жилийн дүнг үзэхэд 15 тэрбум төгрөг цуглаад таван тэрбумыг нь хохирогчдод олгосон байдаг. Зөрүү нь 10 тэрбум төгрөг байгаа биз. Ингэж л хууль хийх ёстой.
Жишээ нь, Шүүхийн хуулийг гаргаж хэрэгжүүлэхдээ өнөөгийн нөхцөлд хамгийн бага зардлаар шүүхийг хэрхэн үр дүнтэй ажиллуулах вэ гэдгийг тооцож байж хуулиа хийх байсан юм. Гэтэл одоо шүүгчийн цалинг таван сая төгрөг болгоно гээд гүйж байна. Тэрийг УИХ хэзээ ч зөвшөөрөхгүй. Энэ бол ойлгомжтой асуудал. Яагаад ойлгомжтой гэхээр засаглалын салаа мөчрүүдийн дээд төвшний цалин ойролцоо байж засаглалын онол хэрэгжинэ гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн ерөнхий шүүгчийн цалин УИХ, Засгийн газрын гишүүний цалинтай тэнцүү байх ёстой. Энэ бол Үндсэн хуулийн үзэл санаа. Гэтэл одоо Ерөнхийлөгчөөсөө гурав дахин илүү цалинтай шүүгчтэй болно гээд яриад явж байна. Энийг эрүүл үзэгдэл гэх үү.