Даваа гараг бүрт болдог Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан оролцож, хийж бүтээсэн ажлынхаа талаар танилцуулсан юм. Энэ үеэр түүнтэй уулзаж дараах асуултад хариулт авлаа.
-Найман хувийн хүүтэй орон сууцны зээлд малчид хамрагдах боломж бүрдлээ гэж яриад байгаа. Чухам ямар шалгуур тавьж байгаа юм бол?
-Энэ зээлд хэн ч хамрагдаж болно, нээлттэй. Харин хөдөө, орон нутаг, аймаг, сумын төвд баригдаж буй орон сууцнаас малчид зээлээр авъя гэдэг саналаа тавьсан. Үүнийг Монголбанкныхан ярьж байгаад, арилжааны банкуудад өгч буй журмандаа өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх боломжтой гэсэн тайлбар өгсөн. Гэхдээ моргейжийн зээлийн тогтолцоо олон улсын хэмжээнд туршигдчихсан байдаг учраас хэн нэгэн зээл хүсэгчийн санхүүгийн боломжид тохируулан өөрчлөхөд их төвөгтэй.
Мал аж ахуйн үйлдвэрлэл нь ноос, ноолуурын, сүү, цагаан идээ болон мал, мах бэлтгэлийн үе гэх зэргээр тухайн үедээ орлого олдог, улирлын чанартай байдаг. Тиймээс малчид орлого олсон үедээ мөнгөө хадгаламждаа байршуулаад, түүнийгээ ашиглан моргейжийн зээлд хамрагдах боломж байна гэж харж байгаа. Энэ мэтчилэн судалгаа хийж байна. -Түүнчлэн зөвхөн орон сууцны зээлээс гадна амины орон сууцыг ч найман хувийн зээлээр авч болох тухай та ярьсан. Жаахан дэлгэрэнгүй тайлбарлаж өгнө үү? -Энэ жил найман хувийн хүүтэй зээлийн журамд зарим чухал өөрчлөлтийг оруулахаар ажиллаж байна.
Тухайлбал 80 м.кв-аас дээш талбайтай орон сууц болон амины орон сууц худалдан авахад зээлд хамрагдах боломжийг нээх, орон нутагт барилга орон сууц барихыг хөхиүлэн дэмжих зохицуулалтууд оруулна.
-Амины орон сууц барих хүн энэ зээлийг авах юм уу. Эсвэл барьчихсан иргэд хамрагдах юм болов уу?
-Одоогийн яригдаж байгаа хувилбараар бол амины орон сууц баръя гэсэн хүнд барилгаа барих зээл өгөх, бариад дуусахаар нь түүнийг нь найман хувийн хүүтэй зээл рүү шилжүүлэх нь оновчтой юм болов уу хэмээн харж байна. Энэ тохиолдолд олон жилийн туршид өвөлжөө, хаваржаандаа байшин барьчихаад амьдарч буй иргэд олон байдаг учраас малчид ч хамрагдах боломжтой.
Орон нутгаас хот руу чиглэсэн нүүдлийг сааруулж, зогсоохын тулд тухайн газар нутагт нь баригдсан барилгуудаас зээлээр авах нөхцөлийг бага ч болтугай ялгарвартай болгож өгөөч гэсэн хүсэлт их ирдэг. Үүнийг ч мөн судалж байгаа. 1980-аад оны дундуур амины орон сууцны зээл гэж 15 мянган төгрөг олгож байлаа. Тэр үед ийм маягаар боссон хороолол, хотхон зарим аймагт одоо ч бий. Тухайн үед материалыг нь барилгын материал хангамжийн үйлдвэрээс өгдөг байсан бөгөөд иргэд өөрсдөө, эсвэл бусдаар бариулж болдог. Ингээд барьж дууссаны дараа барилга нь өөрийнх нь нэр дээр зээл болж бичигдэн, төлөгддөг байсан юм.
-Амины орон сууцны хороолол, хотхон барихын тулд иргэдэд тохиолддог гол бэрхшээл нь инженерийн шугам сүлжээний асуудал байдаг. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?
-СХД-ийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Хилчин” хотхоны төслөөс харахад өөрийн өмчилж авсан газарт хувийн байшингаа бариад амьдрах бололцоо нээлттэй байгаа нь харагдсан. Тиймээс бид инженерийн шугам сүлжээнд холбож өгөх ёстой. Эхний ээжинд гэрэл, цахилгаан, цэвэр ус, цэвэрлэх байгууламж гэх зэрэг боломжуудыг бүрдүүлж өгөх нь чухал.
-Ганц, хоёр айлыг инженерийн байгууламжид холбоход өртөг өндөртэй байх нь ойлгомжтой. Харин иргэд хороолол, гудамжаараа саналаа нэгтгэж, хамтран ажиллавал илүү үр дүнтэй болов уу?
-Өмнө нь Дэлхийн банк, Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж байсан төслүүдээс харж байхад цөөн айлыг хамруулсан сүлжээ үр ашиг муутай, тодорхой хэмжээний эргэлт байхгүй учраас хүйтэн нөхцөлтэй манай оронд хөлдөж, царцах зэрэг эрсдэл дагуулах гээд байдаг. Тиймээс цэвэрлэх байгууламжийг л гэхэд 5000 өрхийн хүрээнд нэгийг барихад бололцоотой гэдэг нь харагдсан. Тэгээд ч цэвэрлэх байгууламж зэргийн технологи сайжирч, янз бүрийн үнэр гарахгүй, цэвэрлэсэн усаа цэцэрлэгжүүлэлт зэрэгтээ ашиглах боломжтой гэх мэтээр өөрчлөлтүүдийг хийх боломж байгаа. Дулааны асуудлыг нь цахилгаан болон хийгээр зохицуулж, утаа бууруулах боломж бүрдэнэ. СХД-ийн шинэ хотхон шиг хорооллыг бид таван байршилд барихаар төлөвлөөд байгаа.
-Гэхдээ иргэдийн хувьд моргейжийн зээлийн урьдчилгаа төлбөрийг багасгах эсэхийг байнга асуудаг. Энэ талаар Засгийн газрын зүгээс ямар нэгэн арга хэмжээ авах уу?
-Энэ төрлийн зээлийн тогтолцооны урьдчилгаа төлбөрийг бууруулвал эрсдэл үүсдэг гэдэг нь мэдрэгдсэн. Эдийн засгийн бусад хямрал ч дагуулах эрсдэлтэй.
-Тэгвэл зээлийн хүүний тухайд хөдөлгөх боломж бий юу?
-Залуу гэр бүл болон зорилтод бүлэг рүү чиглэсэн арга механизмын талаар Засгийн газрын түвшинд ярьж байгаа. Бид ойрын үед шийдвэр гаргана гэж бодож байна. -Ялгавартай гэдэг нь хүүгийн тухайд ярьж байна уу. Эсвэл арай өөр хэлбэрээр журамлах уу?
-Хүүгийн асуудлаар зохицуулж болно. Мөн зээлийн хүүний хөнгөлөлтийг Засгийн газар даах эсэхийг ч ярилцах болов уу. -Хүн бүр тохиолог орон сууцанд амьдрахыг мөрөөдөж байна. Харин нийлүүлэлт нь 2014 онд ямархуу байх бол. Өөрөөр хэлбэл хэчнээн орон сууц ашиглалтад орох вэ?
-Барилгын хөгжлийн төв, Барилгын үндэсний ассоциаци ТББ болон бусад мэргэжлийн байгууллагууд хамтарч “Улаанбатар хот болон орон нутагт хэчнээн орон сууц баригдаж байна, цаашид хэд баригдах вэ, эрэлт хэр байна, иргэд ямар орон сууц хүсч байна” гэх зэргийн судалгаа хийдэг баг ажиллаж байгаа. Удахгүй судалгааны дүн гарна. Бидний тооцоолж буйгаар энэ онд 35 мянга орчим орон сууц ашиглалтад орно.
-Нийлүүлэлт нэмэгдэхээр орон сууцны үнэ тогтворжиж, буурах болов уу?
-Мэдээж энэ салбар хөрөнгө оруулагчдын сонирхох хэмжээнд байснаар л хөгжих ёстой. Тиймээс тодорхой хэмжээгээр ашгийн түвшин байна. Жилд 35 мянган орон сууц ашиглалтад орно гэдэг нь маш их тоо. Тэгэхээр үнэ тогтворжих хандлага руугаа орох байх. Түүнчлэн хэрвээ энэ онд Байшин үйлдвэрлэх комбинат ашиглалтад орчихвол бид өвөл, зунгүй барилга барих бололцоо бүрдэнэ. Өөрөөр хэлбэл Байшин үйлдвэрлэх комбинат бүх бүтээц, бүтээгдэхүүнээ хийчихнэ, зургийн компаниуд зургаа гаргачихна. Тэгэхээр барилгын компаниуд тэндээс сонголтоо хийгээд сургууль, цэцэрлэг, орон сууцаа ч барих боломжтой.
-Буянт-Ухаа хорооллын үнэ харьцангуй хямд байгаа. Цаашид энэ чигээрээ хямд үнэтэй барилга барих бололцоо хэр байгаа вэ?
-Амины орон сууц болон бусад хорооллыг үүнээс ч хямд барих санал тавьж байгаа. Мэдээж чанар, үр ашиг, байршлаас шалтгаалаад орон сууцны үнэ өөр байгаа. Барилгын үнэ өндөр байна гэдэг нь тухайн иргэний худалдаж авсан үл хөдлөх хөрөнгө цаашид ч үнээ алдахгүй гэдэг нь бас ач холбогдолтой. Амины орон сууцны м.кв-ыг 300-500 мянгад багтаая гэсэн саналууд ирж байгаа. Нийтийн орон сууцны үнийг тогтвортой байлгахын тулд газрыг нь үнэ төлбөргүй болгож, дэд бүтцийг нь болж өгвөл улсаас хийж өгөх юм.