Их Британийн нэрт жүжигчин Кейт Уинслет хувийн амьдрал, хайр дурлал, уран бүтээлийнхээ талаар ярилцлага өгчээ. Гурав дахь гэрлэлтээсээ хоёр сарын өмнө хүүтэй болсон жүжигчин бүсгүйд гэр бүлийн дотно харилцаа хамгаас чухал гэнэ. Кейт Уинслет 2012 оны арванхоёрдугаар сард тэрбумтан Нэд Рокнроллтой гэрлэжээ. Оскарын шагналт жүжигчин бүсгүйг бид “Титаник” киноны гол дүрээр сайн мэдэх билээ.
-Та хэдийгээр өмнөх хоёр нөхрөөсөө салсан ч гэсэн хайр дурлалд итгэсэн хэвээрээ юу. Дахиад нөхөрт гарлаа…
-Хайр дурлал байсан, хойшид ч байна. Гэрлэлт гэдэг чинь огт өөр үзэл бодолтой хоёр хүний холбоо. Хүмүүс гэрлэхдээ насан туршдаа хамт байхыг сэтгэл зүрхнээсээ хүсдэг ч заримдаа бүтдэггүй шүү дээ. Би хүүхэд байхаасаа л гэр бүлийнхэн бүгдээрээ хамт байдаг гэсэн төсөөлөлтэй байсан л даа. Аав, ээж хоёр минь 40 гаруй жил хамтдаа амьдарч байгаа. Гурван удаа гэрлэнэ гэж хэзээ ч бодож байгаагүй, харин хувь заяа минь ийм байсан юм болов уу. Гэхдээ би их азтай шүү. Одоо амьдралынхаа нэг шинэ хуудсыг нээж чадсан.
-Та яагаад бага хүүдээ Беар /Баавгай/ гэсэн нэр өгсөн юм бэ. Хүүгээ аавынх нь овгоор овоглох уу?
-За үгүй дээ, хүүгээ Рокнролл гэж овоглохгүй саруул ухаантайгаа байна. /Инээв/ Том хоёр хүүхдээ аавынх нь болон өөрийнхөө хоёулангийнх нь овгоор овоглосон. Хүүхдүүд минь миний сайхан овгоор овоглоод бахархаж яваасай гэж хүсдэг. Одоогоор дүү нар маань хүүхэдгүй байгаа болохоор би овгоо хойч үедээ үлдээхээр шийдсэн юм.
-Та урьд нь Холливудын гоо үзэсгэлэнгийн хэм хэмжээг тоохгүй гэдгээ хэлдэг байсан. Махлаг бие галбираараа бахархсан хэвээрээ юү?
-Бахархана гэж хэлэх нь хаашаа юм. Би бүсэлхийгээ хэмжиж хайран цагаа үрэхийг хүсдэггүй. Энэ чинь инээдтэй биз дээ. Хүн ганц удаа богинохон амьдралаар амьдардаг. Хийж амжуулах өчнөөн зүйл байгаа. Бид хичнээн хичээгээд ч цаг хугацаа хүний гадаад төрхөнд ул мөрөө үлдээдэг шүү дээ. Тийм болохоор би хүүхдүүдээ амьдралдаа сэтгэл хангалуун байж, аль болохоор сэтгэл өөдрөг амьдрахыг сургахыг хичээдгээс биш гэдэсний дасгал хийх гэж санаа зовдоггүй.
-Тэгэхээр та ихэнх жүжигчид төрснийхөө дараа дасгал хийж, түргэн хугацаанд турдаг шиг бэлтгэлийн заал руу явахгүй юу?
-Тийм ээ, би нэг зүйлийг ойлгодоггүй. Тэд яаж ийм их завтай байдаг байна. Бүсгүйчүүд төрснийхөө дараа харилцан адилгүйгээр турж, төрөхөөс өмнөх галбиртаа ордог. Миний нэг найз хүүхэн төрөөд гурван долоо хоногийн дараа “өргөст хэмх” шиг болдог. Би бол угаасаа туранхай биш болохоор удаан хугацааны дараа л жаахан турдаг юм.
-Таны ээж, аав, дүү нар бүгд жүжигчний мэргэжилтэй. Харин та гэрийнхнээсээ ганцаараа кино урлагт гялалзсан амжилт гаргаж чадлаа…
-Хөдөөгийн театрын жүжигчид алдар нэртэй болох боломжгүй байдаг. Гэхдээ манай гэрийн ширээн дээр үргэлж идэх юм байдаг байлаа. Намайг 10 настайд аав минь золгүй тохиолдлоор хөлгүй болох шахсан юм. Хөл нь гэмтэлтэй учраас жүжигчнээр ажиллаж чадахгүй болсондоо аав их гутарч билээ. Тэгээд нэг хэсэг тосгоны шууданчаар ажилласан.
Бид жижигхэн байшинд ядуу амьдардаг байсан ч үргэлж бие биеэ гэх сэтгэлтэй байж сурсан. Одоо ч үргэлж холбоотой байдаг. Би 11 настайгаасаа зар сурталчилгаанд тоглож, мөнгө олж эхэлсэн. 16 настайдаа сургуулиа хаяад амьдралын төлөө зүтгэсэн. Азаар би амьдралд хөлөө олж чадсан. Жүжигчний мэргэжлээрээ бахархдаг. Заримдаа зураг авалтын үеэр ядраад аяга цай ууж, үгийн сүлжээ бөглөж суухдаа “Ашгүй надад нэг цаг хагас амрах хугацаа байна” гэж бодох үе бий. Хоёр эмэгтэй дүү маань ээж, аавын мэргэжлийг өвлөж, театрын жүжигчин болсон.
-Та ажлынхаа төлөө ямар нэгэн зүйлээ золиослох үе байдаг уу?
-Хүүхдүүдээ л лав биш. Тэднийг жаахан байхад дараалаад кинонд тоглодоггүй байсан. Завсарлагаатайгаар ажилладаг. Гэхдээ ажилгүй сууж бол чадахгүй л дээ. Өөрийгөө гоо сайханд суугаад, дэлгүүр хэсээд явж байгаагаар төсөөлөхгүй байна. Би иймэрхүү зүйлд дургүй. Энэ чинь ямар ч бодит амьдрал биш шүү дээ. Хүүхдүүддээ цаг гаргах хэрэгтэй учраас театрт тоглож байгаагүй. Хэн нэгэн гадны хүн тэднийг бүүвэйлээд унтуулна гэж үү. Надад хэдий тийм боломж байгаа ч гэрийн үйлчлэгч, хүүхэд асрагч зэрэг хүн ер нь авдаггүй. Хүүхдүүдээ ч тэгж сургамааргүй байна.
-“Labor Day” киноны найруулагч таныг киноныхоо гол дүрд тоглуулахын тулд бүтэн жил хүлээсэн гэсэн. Энэ дүр нь сэтгэлийн хүнд дарамтанд орсон ганц бие ээж байсан нь танд хэцүү байсан уу?
-Эелдэг найруулагч Жейсон Райтманыг хүлээлгэсэндээ одоо хүртэл ичдэг. /Инээв/ Тэр надад кино зохиолоо явуулах үед миний амьдрал их ээдрээтэй байсан юм. Жейсон Райтман хэлэхдээ киноны гол дүрд надаас өөр жүжигчнийг олж харахгүй байна гээд хэзээ тоглож болохыг асуусан. Би “Надад нэг жилийн хугацаа өгөөч” гэсэн л дээ. Дүрийн зан чанар надад таалагдсан.
-Та амьдрал дээр ганц бие ээж байсан шүү дээ. Хэцүү үе тохиолдож байв уу?
-Ганцаараа хүүхдүүдээ өсгөнө гэдэг маш хэцүү. Хамгийн гол нь нийгэм ганц бие ээжүүдэд их шүүмжлэлтэй ханддаг. Тэд жирийн эмэгтэй байна уу, мөнгөтэй, алдар нэртэй байна уу ялгаагүй. Өөрөө ийм бүсгүйчүүдийн нэг байсны хувьд бүхий л зүйл дээр хүмүүс хэрхэн ханддагийг мэдэрсэн. Ажлаа хийгээд, хүүхдээ хүмүүжүүлээд явж байгаа ээжүүдийг би их хүндэлдэг. Тэд бол жинхэнэ баатрууд.
-Хүүхдүүдийнх нь сэтгэл зүйд таны алдар нэр, мөнгө ямар нэгэн байдлаар нөлөө үзүүлнэ гэж та боддог уу?
-Би хүүхдүүдийнхээ хүссэн бүхнийг биелүүлдэггүй. Тэд дэлхийгээр аялж зугаалах юм уу юу хүссэнээ авна гэж бодохыг зөвшөөрөхгүй. Урьд би тэднийг эвдрэх вий гэж их айдаг байсан. Харин одоо хүүхдүүдийн зан араншинг эвдэхгүй бол тэд эвдрэхгүй гэдгийг ойлгосон. Энэ нь эцэг, эхээс ялангуяа ээжүүдээс их шалтгаалдаг. Нэг тохиолдол ярья. 2011 оны зун бид Англид ирээд би нэг жижигхэн хөөрхөн байшин түрээслэсэн. Зай муутай байшин байсан. Зун дуусахад хүүхдүүд маань юу гэж хэлсэн гээч. Тэд “Ээж ээ, бид Америк руу буцахгүй байж болох уу” гэсэн. Тэр зун хүүхдүүд маань их жаргалтай байж билээ. АНУ-д бол бид том байшин, олон өрөөтэй орон сууцанд амьдарч байсан.
-Та одоо Англид бүрмөсөн буцаж ирсэн үү?
-Тийм ээ. Үнэнийг хэлэхэд өмнө нь надад эх орноо орхисон мэдрэмж төрж байгаагүй ээ. Нээрээ би бороо ороход дуртай болохоор Английн бороотой, манан будантай өдрүүдийг санадаг байсан юм байна. Харин хүүхдүүд маань Нью-Йоркийг санаж байгаа. Бид сүүлийн хэдэн жил Нью-Йоркт амьдарсан.
-Хэрвээ таныг нөхөр, хүүхдүүдийнхээ хамт чимээгүй буйдхан газар тайван амьдарч, нөхрийнхөө Рокнролл овгийг Смит гэж солих санал тавибал та хүлээж авах уу?
-Үгүй ээ, би бүх зүйл хэтэрхий энгийн байхад дургүй. Амьдралынхаа бүх өдрийг жирийн өдөр шиг байлгамааргүй байна. Хорвоо төгс бус байдаг шиг хүмүүс ч гэсэн хоорондоо огт өөр шүү дээ. Хэрвээ ийм байгаагүй бол амьдрахад хичнээн их уйтгартай байх байсан бол.