Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх нэрийдлээр гадаадын зарим иргэд эмнэлэгийн үйлчилгээг амралтын өдрүүдээр хийж байна. Эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй жуулчны визээр Монгол Улсад орж ирэн, офиссын өрөөнд үзлэг хийж байсан Солонгос Улсын “Есанг Самсунг” эмнэлэгийнхний Монгол Улсад хийж байгаа эрүүл мэндийн үзлэг оношлогоог Мэргэжлийн хяналтын Ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын хамтарсан шалгалтаар илрүүлж үйл ажиллагааг нь зогсоолоо
Өдөр тутмын нэгэн хэвлэлээр амралтын өдрүүдээр буюу энэ сарын 22-23-ны өдрүүдэд үе мөчний үзлэг оношлогоо хийнэ гэсэн ярилцлага гарснаар 150 гаруй хүн үзүүлэхээр дугаар авсан байна. Тус эмнэлэгтэй хамтын ажиллагаатай гэх Монгол Улсын хуулийн этгээд “Кэй Эс Эн” ХХК нь Худалдааны зуучлал, биеийн тамир спортын сургалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх улсын бүртгэлийн гэрчилгээтэй. Эрүүл мэндийн чиглэлээр үзлэг оношлогоо, эмчилгээ зөвлөгөө өгөх, үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүйгээр БНСУ-аас эмч, сувилагч, санхүүгийн ажилтан гэх дөрвөн хүнийг урин авчирч амралтын өдрүүдээр Монгол иргэдэд үзлэг хийж байлаа.
Батлагдсан удирдамжийн дагуу Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Эмнэлэгийн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлын хяналтын улсын ахлах байцаагч Ш.Оюунчимэг, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газрын Хяналт шалгалт хариуцсан улсын ахлах байцаагч Ж.Пунцаг нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг хамтарсан шалгалт хийв. Шалгалтаар гадаадын иргэдийн эрхзүйн байдлын тухай хуулийг үндэслэн солонгос иргэдийн бичиг баримтанд үзлэг хийхэд тэдгээр хүмүүс жуулчин ангиллын 90 хоногийн визтэй Монгол Улсын хилээр орж ирж үзлэг оношлогоо хийж байсан, эмнэлэгийн тусгай зөвшөөрөлгүй зэрэг Монгол Улсын хуулийг зөрчсөн хэд хэдэн зөрчил илэрсэн юм. Иймээс Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бридж” группын байрны таван давхар, 502 тоотод хийж байгаа үе мөчний үзлэг оношлогоог зогсоолоо. Кэй Эс Эн ХХК-ийн захирал Д.Нармандах эдгээр солонгос иргэдийг танилцуулахдаа эмч, сувилагч, аж ахуйн дарга, ерөнхий нягтлан гэсэн юм.
Иргэд албан ёсны эмнэлэгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, зориулалтын эмнэлэгийн байранд тухайн эмчийнхээ бичиг баримттай танилцаж байж үйлчлүүлэх, үүнээс үүдэн гарах хүндрэлээс өөрсдөө сэрэмжлэх шаардлагатай байгааг МХЕГ-аас анхааруулж байна.