ОХУ-ын Тамбов хотод цэвэрлэх байгууламжаас хоёр нярайн цогцос олджээ. Энэхүү хэрэгт холбоотой этгээдүүдийг цагдаа нар олж тогтоосон байна. Нярай хүүхдүүд ихэр байсан бөгөөд тэднийг эмнэлгийн хог хаягдлын гялгар уутанд хийгээд хаячихсан байсан гэнэ. Хүүхдүүд нэгдүгээр сарын 15-нд төрсөн байсан ч эмч нар яагаад ч юм энэ талаар нууцалсан байжээ. Хүүхдүүдийн цогцос цэвэрлэх байгууламжийн сувагт сар орчим байсан байна. Урьдчилсан байдлаар ихрүүдийн нэг нь амьгүй төрсөн, харин нөгөө ихрийнх нь үхлийн шалтгаан одоогоор тогтоогдоогүй байгаа аж. Анхан шатны байцаалтаар Тамбовын амаржих газар төрсөн эмэгтэй /нэрийг нь нууцлав/ нэгдүгээр сарын 15-нд хоёр ихэр хүүхэд төрүүлсэн байна.
Ихрүүдийн нэг нь амьгүй төрсөн бол нөгөөг нь амьдруулахын төлөө эмч нар тэмцсэн гэнэ. Гэвч нөхөн сэргээх эмчилгээ үр дүнгүй болжээ. “Эмэгтэй шууд л хүүхдүүд түүнд хэрэггүй гэдгийг хэлсэн. Тэр тэднээс салахыг бодож байсан. Эмч нар нярайн эндэгдлийг нуухийн тулд төрөх карт дээрх мэдээллийг өөрчилсөн. Статистикийг сайжруулах гэж тэр. Тэр эмэгтэйн жирэмслэлтийн хугацааг багасгаж, 20 долоо хоногтой гэж бичсэн. Дараа нь онош дээр “зулбасан” гэж бичих гэж тэр. Ингээд эмч нарын тушаалаар тэдгээр цогцоснуудыг усны суваг руу хаясан. Эрүүгийн хэргийн нөхцөл байдлын хүрээнд овгийг нь дурдаж болохгүй.
Техникийн ажилтан буюу слесарь тэдний тушаалыг биелүүлсэн” хэмээн мөрдөгч Олег Платонов ярилаа. Харин сэтгүүлчид тэр ажилтныг олсон юм. Тэр бол Мичурины амаржих газрын слесарь Вячеслав Загоровский байв. Тэр нялхсын цогцостой уутыг суваг руу шидэхдээ дотор нь юу байгааг мэдэж байжээ. Тэр уул нь оршуулахыг хүссэн ч газар хөлдүү байсан тул чадаагүй гэнэ. “Гэртээ авч ирээд зууханд шатаах гэтэл багтаагүй. Хоёр цаг оролдсоны эцэст муу усны суваг руу хаяхаар шийдсэн. Энэ бүхэн ингээд дууссан л гэж бодсон” хэмээн тэрээр ярьжээ. Түүнчлэн цагдаа нараас хүүхдүүдийг нь хаана оршуулсныг ч асуугаагүй хатуу сэтгэлт ээжид ч ял төлөвлөж магадгүй байгаа гэнэ.
эх сурвалж: tvmongolia.mn