“Бүтээн байгуулалтын цаг” уулзалтад Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр оролцож, 2014 онд үйлдвэржилтийг дэмжих жилийн хүрээнд ирүүлсэн бүтээн байгуулалтын төслийн талаар танилцууллаа. Засгийн газраас энэ жил үйлдвэржилтэд нэг их наяд төгрөг зарцуулахаар болсон бөгөөд нийт 1151 төсөл ирүүлснээс 59 төсөл давхардсан, хоёр нь хэт өндөр үнэтэй байсан бөгөөд давхардаагүй дүнгээр нийт 1088 болсон төсөл шалгаруулсан байна. Үүнээс 200 төслийн зорилгод нийцээгүй гэж үзээд 888 төслийн шалгаруулалтыг Хөгжлийн банк болон Эдийн засгийн хөгжлийн яам хамтран хийж буй. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төслүүдээс эхний ээлжинд 888 төслийг сонгож аваад байгаа юм байна. Тодруулбал, нийт ирсэн төслүүдийг шалгаруулж, цаашид эдийн засагт үр өгөөжөө өгөх төслүүдийг судалж, эхний шалгаруулалтыг хийсэн байна.
888 төсөлд нийт 7,3 их наяд төгрөг шаардлагатай бөгөөд үүнээс 4,2 их наядын зээл авах хүсэлтийг ирүүлээд байгаа аж. Ирүүлсэн төслүүдээс долоон салбарын экспортыг, найман салбарын импортыг дэмжих төслүүд байгаа юм.Урьдчилсан тооцоогоор 888 төслийг дагаж 40 мянган ажлын байр болохоос гадна нийт төслүүдийг үр ашиг 55 сарын дотор гарна гэсэн тооцооллыг гаргаад байгаа аж. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр “888 төслөөс олонх нь барилгын материалын үйлдвэрлэл багтаж байна. Бүтээн байгуулалтыг хийх гэж байгаа бол барилгын материалын үйлдвэрлэлээ бид дэмжих ёстой. Мөн хамгийн бага зээл таван сая бол хамгийн өндөр төсөл нь 285 тэрбум төгрөгийг зээл хүссэн байсан” гэлээ.
Үйлдвэржилтийг дэмжих төслүүдэд олгон зээлийг төгрөгөөр таван жилийн хугацаатайгаар олгох юм байна. Харин хүүгийн хувьд есөн хувиас илүүгүй байхаар тооцооллыг гаргаж, эхний нэг жилийн хугацаанд зээлийн үндсэн төлбөрийг төлөхгүй, зөвхөн хүүгийн төлбөрийг төлөх юм байна. Ирүүлсэн төслүүдээс шалгарсан төслүүд зээлээ өөрийн хүссэн арилжааны банкнаас авах юм байна.