Монголд анх гар утас оруулж ирсэн гэх гавьяатай Мобиком компанийн нэр хүнд дахин унаж өдгөө дотооддоо бүсээ чангалах дээрээ тулаад байна. Энэ асуудлаас болж хэрэглэгчид “Мобиком” дампуурлаа гэж үү. Арай ч дээ гэж уулга алдаж уйлах шахам байна.
Тодруулбал тус компанийн удирдлагууд ашиг орлого багассан учраас “Улуснет”, “Ньюком”, “Мобиком”, “Мобинет” зэрэг дөрвөн охин компанийнхаа захиргааны бүтцийг цөөлж, зааланд суудаг теллерүүд болон бусад ажилчиддаа сайн дураараа ажлаас халагдаж болно гэж мэдэгдсэн байна.
Бидэнд олдсон мэдээллээр тус компани одоогоор 2000 гаруй ажилтнаа өөрсдийнх нь хүсэлтээр халахаар зохих шагнал болон хангамжийг нь өгч байгаа гэсэн. Ямар ямар газартаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Нөхцөл байдал ийм болсонд хэрэглэгчид “Мобиком” компанийг дампуурлын ирмэгт ирлээ гэж үзэж байна.
Өнгөрсөн жилээс тус компанийн хуучин дарга, захирлууд нь өөр компани руу шилжиж, “Мобиком”-ын үнэн дүр төрхийг нийтэд ил болгон тус газрын дотоод бүтэц ямархуу байдгийг олонд илчилж байсан.
Уг нь тус компанийн ашиг орлого тэгтлээ доошоо орж буурахгүй гэдгийг жирийн нэг иргэн ч мэднэ. Бидний мөнгийг 17 жилийн турш баруун солгойгүй авч, өөрсдөө баяжчихаад өнөөдөр гэв гэнэт алдагдалтай ажиллаж эхэллээ гэж ярих болсон нь хэн хүний сонирхлыг татаж байгаа юм.
“Мобиком”-ын ашиг орлого нь буурч эхэлсэн нь үнэн үү
Уг нь нэлээн том хөрөнгө оруулагч болох Англи, Япон хоёр эзнийх нь дургүй хүрсэн учраас тэд Монголд хөрөнгө оруулалт хийхгүй гэж мэдэгдсэн байна.
Иймээс данхайсан том захиргааны албаа цомхотгож, дээрээс нь мөрөөрөө ажлаа хийж явсан теллер охидууд ийнхүү гудамжинд гарч ажилгүйчүүдийн тоог нэмэхээр болжээ.
Хачирхалтай нь өнөөдөр 1.5 сая хэрэглэгчидтэй гэгддэг “Мобиком”-д өдөрт хэдэн зуун сая төгрөг эргэлдэж байдаг. Гэтэл энэ хэдэн тэрбумаар яригдаж байсан мөнгө хаашаа урсаж орсон бэ гэдэг нь олны анхаарлыг татаад байгаа юм.
Өөрөөр хэлбэл “Мобиком”-ын дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцааны мөнгөнөөс тэд асар их ашиг олсныг нь холбогдох байгууллагууд нь тогтоогоод өгсөн шүү дээ.
Хэрэглэгчдийн мөнгийг удаа дараа халаасалж байсан дээрх хоёр эрхэм ийм олон хүмүүсийг гудамжинд гаргаж байгаа нь зохистой үйлдэл гэж хэлэх хүн олдохгүй л байх.
Эцэст нь хэлэхэд Монгол Улсын өнцөг булан бүрт “Мобиком”-ын салбар нэгж байдаг. Энэ бүх салбаруудад хэдэн арван тэрбум төгрөг урсаж, чухам хаашаа гарч хэний ямар данс руу ороод байна вэ гэдгийг хуулийнхан шалгаж үзэх цаг нь болжээ.
Хөрөнгө оруулалтаа татаж буй гадаад нөхдөөс “Бидний дараа төлбөрт үйлчилгээний барьцааны 10 гаруй тэрбум төгрөгийг нэхэмжилмээр байна” гэх иргэдийн хүсэлт маш их буйг энэ дашрамд дайж байна.