-Долдугаар сарын 1-ний хэрэг түүх болон үлдэх нь-
Долдугаар сарын 1-ний хэрэгт буруутгагдаад буй цагдаагийн экс дөрвөн дарга болох Ч.Амарболд, Эргүүл хамгаалалтын газрын дарга асан, цагдаагийн хурандаа Ш.Батсүх, Нийслэлийн цагдаагийн газрын дарга асан, цагдаагийн хурандаа О.Зоригт, Хэв журмын хэлтсийн дарга асан, цагдаагийн дэд хурандаа Г.Ганбаатар нар т холбогдох хэргийг өнгөрсөн онд нэлээд урт хугацаанд шүүх цагдаагаар явсан.
Заримынх нь бие муудаж, багагүй хугацаанд хэл ам дагуулсан хэрэг шийдэгдсэнээр Ч.Амарболд, Ш.Батсүх нарт 6.6, О.Зоригт 5.6, С.Ганбаатарт хоёр жилийн ял өгөхөөр болсон билээ.
Түүнчлэн Өршөөлийн хуульд хамруулснаар Ч.Амарболд, Ш.Батсүх нарыг 3.6 жил, О.Зоригтод 2.6 жилийн ялыг тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг юм. Харин хоёр жилийн ял авсан С.Ганбаатар ялаас мултарсан байдаг. Тэгвэл эдгээр дарга нар ээлж дараалан суллагдаж эхлэх нь ээ. ЦЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч асан, хошууч генерал Ч.Амарболд хугацаанаас өмнө тэнсэнгээр суллагдаж магадгүй ажээ.
Учир нь ШШГЕГ-аас хошууч, генерал Ч.Амарболдыг хугацаанаас нь өмнө хуулийн хүрээнд суллах боломжтой хэмээн холбогдох материалыг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн талаар эх сурвалж мэдээллээ.
Харин прокурорын байгууллагаас түүнийг магадлангаар суллагдах боломжтой хэмээн материалыг нь Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд шилжүүлжээ. Ингэснээр шүүхээс түүний материалтай танилцаж, 30 хоногийн дараа шүүх хурлыг товлох юм байна. Хурлаар түүнийг магадлангаар суллагдах эсэх эцсийн шийдвэрийг шүүх гаргах юм.
Ч.Амарболд 2012 оны гуравдугаар сараас хойш хоригдсон. Хоригдох хугацаандаа сахилгын зөрчил гаргаагүй, эдлэх ёстой ногдсон ялынхаа гуравны хоёроос дээш хугацааг биеэр эдэлсэн тул ийнхүү магадланд хамрагдах боломжтой болжээ.
Харин Ч.Амарболдтой хамт яллагдсан хурандаа О.Зоригт оны өмнө суллагдсан бол хурандаа Ш.Батсүхийн магадлангийн хугацаа нь болоогүй байгаа талаар албаны эх сурвалж мэдээллээ. Ш.Батсүхийн хувьд ч эдлэх ёстой ялаа биеэр эдэлсэн, сахилгын зөрчил гаргаагүй гэх дүгнэлтэд орсон учраас тун удалгүй араас нь суллагдах нь ээ.
Сонгуулийн шоу болгож, гурван даргад ял өгснөөр дуусгавар болсон энэ хэрэг эдгээр хэрэгтнүүд суллагдсанаар бүрмөсөн хаагдаж, зөвхөн Монголын түүхэнд хар толбо болон дурсагдаж үлдэх бололтой.
Эх сурвалж: www.mminfo.mn