Шүлхий өвчний голомт хүрээгээ тэлсээр байгаа билээ. Гэтэл Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны хурган дарга нар хэдэн нөлөө бүхий өндөр албан тушаалтнуудтайгаа нийлж хоёр хөршөөс орж ирсэн вакцины мөнгийг өөрсдийн ашиг сонирхолдоо нийцүүлэн бизнес болгоод байна.
Хамгийн гол нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргасан дөрвөн тэрбум төгрөгийг ямар ямар вакцинд зориуласан бэ гэж салбарын сайд Х.Баттулгаас асуумаар байна.
Учир нь шүлхийн эсрэг вакцин нийлүүлэх тендерт шалгарсан “СВС” компани нь 2.6 тэрбум төгрөгийн вакциныг Нийслэлд авчирахдаа тээвэрлэлт болон хадгалалтын горим зөрчсөний улмаас хөлдөөсөн гэдэг нь олон нийтэд ил болсон.
Гэтэл хамгийн ноцтой нь тендерт шалгарсан гэгдэж буй “СВС” компани Монгол Улсад ямар ч бүртгэлгүй байсныг ОУ-ын Арбитирын шүүх нотолсон байдаг.
Тус компанийн бүртгэлгүй гэдгийг нь ОХУ-ын “Мал эмнэлгийн эм бэлдмэл” завод илрүүлжээ. Өөрөөр хэлбэл “СВС” компани нь дээрх заводаас “Креолин-Х” гэх бэлдмэлийг 61 мянган ам.долларын зээлээр авчихаад өнөөг хүртэл өгөлгүй бултсан учраас тэд мөнгөө олж авахын тулд тус компанийг Монгол Улсад бүртгэлтэй эсэхийг шалгуулахаар Арбитирын шүүхэд хандтал бүртгэлгүй гэсэн хариуг өгч байсан юм билээ.
Ийм их хэмжээний мөнгөө бүртгэлгүй компанид алдсан учраас манай улсад байх өөрийн хүмүүстэйгээ холбогдож тус компанийг судлуулсан аж. Гэтэл луйварчин гэж цоллогдох болсон “СВС” компани нь төрийн өмчит компаниудын дунд зарласан тендерт ордгийг нь мэдэж холбогдох албаны хүмүүстэй уулзсанаар тус компанийн захирал нь Б.Мөнхбаатар гэж хүн байдаг гэдгийг мэджээ.
Эндээс ажиглахад Үйлдвэр хөдөө аж, ахуйн яам яагаад тендерт орсон компаниа сайн судлаагүй вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа юм. Гэтэл үнэн чанартаа тус яамны хэсэг хүмүүс эл тендерийг хуулийн дагуу явуулаагүй, зөвхөн танил талаа харж “СВС”-д давуу эрхтэй олгосон аж.
Уг нь “CBC” компанийнхан БНХАУ-аас 1.6 сая тун вакцин оруулж ирэх тендерийг авахдаа “Бид хоёрдугаар сарын 18-нд вакцинаа хилээр оруулж холбогдох хүмүүст хүлээлгэж өгнө” гэсэн бөгөөд гэрээний гол шалгуур болох хугацаандаа багтаалгүй вакцинаа 20 хоногоор хоцроож гэрээгээ зөрчсөн байна.
Товчхондоо ҮХААЯ монголд байхгүй компанид 2.5 тэрбум төгрөг өгсөн, бүртгэлгүй компанид тендерт оролцох эрхийг ногоон гэрлээр олгосон бөгөөд хэргийн эзэн хэнгэрэгийн дохиурыг Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал гэж эх сурвалжууд хэлж байсан. Энэ тухай салбарын сайддаа хүртэл дуулгаж яаралтай арга хэмжээ авах талаар зөвлөсөн гэж ярьж байна.
Хэрэв та бүхэн санаж байгаа бол энэ сарын эхээр тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалыг вакцины асуудлаас болж албан тушаалаас нь огцоруулах болсон тухай яриа гарч байсан. Тэгвэл энэ нь үнэний ортой гэдэг нь батлагдаж байгаа бололтой. Уг нь төрөөс эхний ээлжинд 2.5 тэрбум төгрөгөөр шаардлагатай вакцинуудыг урд хөршөөс яаралтай оруулж ир гэсэн үүрэг даалгавар өгч байсан юм билээ.
Гэтэл ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр ялсан “СВС” компанид дээрх 2.5 тэрбум төгрөгийг өгч олон хүнийг хөлдөө чирсэн хөгийн зүйлээс болж ҮХААЯ-ныхан өөр хоорондоо муудалцаж байгаа аж. Гэхдээ энэ бүх хариуцлагыг яамны төсөв хөрөнгийг захиран зарцуулах эрх бүхий албан тушаалтан Х.Золжаргал хариуцах нь нэгэнт тодорхой болсныг хэд хэдэн эх сурвалж өгүүлж байв.
Х.Баттулга сайд аа, энэ бүхний ард бяцхан авлигал явагдаад байгаа юм биш үү гэж олон нийт хардаж байна. Мөн монголд бүртгэлгүй “СВС” компани нь ямар шалгуураар шүлхийн вакцин нийлүүлэх тендерт ялсан бэ гэдгийг нь ч сонирхож салбарын сайд танаас хариу хүлээж байгааг уламжилъя.