То вангийн мал маллах арга ухаан

toBanHurug1.То ван гэж хэн бэ
Хүн төрөлхтний тусын тулд гавьяат үйлс бүтээлцэж, дэлхийд  алдар нэрээ мөнхжүүлсэн хүчирхэг хаад, гайхамшигт жанжин, төр засгийн зүтгэлтэн,эрдэмтэн мэргэд Монгол улсын түүхэнд олон гарсны дотор нэр нь дотоод гадаадад төдийлэн тодроогүй боловч дээрхи хүмүүсийн эгнээнд зүй ёсоор орох хүн бол Х1Х зууны үеийн Монголын нийгэм,улс төр,соёлын гарамгай зүтгэлтэн,аугаа их соён гийгүүлэгч Бат-Очирын Тогтохтөр юм.Олноо хэцүү То ван хэмээн алдаршсан ван Б.Тогтохтөр 1797 оны 9-р сарын 15 нд одоогийн Дорнод аймгийн Халхгол сумын нутаг Сангийн далай гэдэг газар төрсөн ажээ.
Өөрийн харьяат хошууны дотор олон зүйлийн шинэтгэл хийснээр алдаршсан энэ ноён эдийн засаг, соёл ихээхэн хоцрогдсныг хэнээс ч түрүүн, хэнээс ч илүү ойлгож, улс орноо шинэтгэлийн замаар хөгжүүлэх туйлын зорилт тавьж ажилласан нь түүний үйл ажиллагаанаас тодорхой байна.1822 онд 25 настай залуу То ван эцэг Санжаадоржийн Бат-Очирын вангийн хэргэм зэргийг залгамжлан Сэцэнхан аймгийн Илдэн хошууны засаг ноён болжээ. 1835 онд То ван Сэцэнхан аймгийн Хэбэй вангийн тушаалд, 1859 онд тус аймгийн Чуулганы жинхэнэ даргаар тохоон томилогдсон юм. То ван 1868 онд Бээжин хотноо шадарт явах жасааны албыг гүйцэтгээд буцах замдаа хөлийн бам өвчнөөр нас баржээ.
Б.Тогтохтөр эзэн богд Чингис хааны алтан ургийн дээд элит, гэрийн өндөр боловсролтой, монгол, манж, түвд, хятад хэл сайн эзэмшсэн, гүн сэтгэгч, эдийн засагч, шинэчлэгч, төрийн зүтгэлтэн, эх оронч хүн байсныг түүхэн баримт гэрчилдэг.
Монголын түүхт хүмүүсийн намтар, түүний дотор ялангуяа феодал, лам хувраг, язгууртан сэхээтнүүдийн үйл амьдрал, гарал төрлийг нарийвчлан судлахаас тойрдог байсан нь чухамдаа түүхэнд хандах коммунист намын үзэл суртал, анги, ангийн онолыг хатуу баримтлахыг хатуу тулган шаарддаг байсантай тодорхой хэмжээгээр холбоотой байв. Үнэн хэрэгтээ То вангийн үйл ажиллагааны агуулга, чиглэл нь Монгол улсын төрийн тусгаар тогтнол, цэцэглэлт хөгжлийн үндсийн үндэс болсон монгол хүнийг бүхий л  талаар өөд татаж, соён гэгээрүүлэх явдал хэмээсэн манай их хаадын үзэл баримтлалд тулгуурлаж байлаа. Сүүлийн жилүүдэд манай оронд гарсан ардчилал, шинэчлэлийн ач нөлөөгөөр ван Б.Тогтохтөрийн сургаал, номнолыг судлаж сурталчилах ажил дотоод гадаадад нэлээд эрчимтэй өрнөж байна. То вангийн нийгэмлэг нэртэй төрийн бус байшууллага буй болж, түүний эрдмийн зөвлөл, салбар 10 зөвлөлүүдийн Монгол, Англи, Итали, Герман Япон зэрэг орны эрдэмтэн мэргэд То ван судлалаар судалгаа, шинжилгээний ажил явуулж байна. Ван Тогтохтөрийн хийсэн олон шинэтгэлүүдийн нэг нь Монгол орны эдийн засгийн үндэс болсон билчээрийн мал аж ахуйг тэтгэн хөгжүүлэх явдал байв.
2.Бэлчээрийн мал аж ахуй Газар тариаланг зонхилон эрхэлж,дэлхийн хүн амын 1/4-ийг хооллож хувцаслаж ирсэн Хятад улсын түүхэнд энэ салбарыг хөгжүүлэх эдийн засгийн онолын багц, цогц бүтээл гарч байсангүй. Харин 1776 онд Адам Смит ард түмний баялаг нэртэй номоо бичиж хүмүүсийн хоорондын харилцаанд эдийн засгийн харьцаа цогцлон явагддагийг харуулснаас хойш 77 жилийн дараа буюу 1853 онд Монголын алтан ургийн дээд элит ван Б.Тогтохтөр Хэбэй вангийн аж төрөхийг заасан сургаал хэмээх бүтээлээ туурвижээ.  Энэ нь тухайн үедээ хошуу нутгийн дотор дагаж мөрдөхөөр шийтгэсэн зүйл байсан боловч өнгөрсөн зуунд монгол хүний зохиосон эдийн засгийн ухааны холбогдолтой бичиг зохиолоос бидэнд мэдэгдээд байгаа цорын ганц бүтээл юм. XIX зууны дунд үеийн Монгол орны нийгэм эдийн засаг,аж ахуйн онцлогт тохируулан туурвисан энэ бүтээлийн гол онцлог нь бодит амьдралд биелэлээ олсон сургаал байгаад оршино.
Зэрлэг амьтдыг гэрийн тэжээмэл болгон маллаж, ашиг шимийн нь авах болсон цагаас мал аж ахуй үүссэн. Монголчуудын хувьд үхэр, адуу, тэмээ, хонь, ямааг гэрийн тэжээмэл болгохдоо өргөн уудам газар нутгийн ус, ургамалд түшиглэж билчээрийн маллагааны аргыг сонгосон уламжлалтай. Хангай говь, тал хээр хосолсон газар орны нөмөр  нөөлөг, өвс, ус харилцан адилгүй тэгширснээс гадна эрс тэс уур амьсгалтай, жилийн 4 улирлын өвөл нь 30-45 хэм хүйтэрч, зун нь 25-35 хэм халуун болдог. Байгаль цаг уурын ийм нөхцөлд нүүдэлчин монголчууд 5 хошуу малыг билчээрийн аргаар маллахдаа нэлээд хатуу шалгуурыг давж, ихээхэн туршлага хуримтлуулсан билээ.
XIX зууны дунд үед То вангийн хошуу ган зудын аюулд онцгой нэрвэгдэж 1823 оны тооллогоор байсан малын тоо толгой 1852 онд 4 түмээр хорогдсон байв. Ядууран сүйрсэн аж ахуйг өөд татан сэргээж, тэр үед ихээхэн дарамт учруулж байсан Манжийн олон зүйлийн албан татварыг бага ч гэсэн хөнгөрүүлэхгүйгээр ард олныхоо аж байдлыг тэнхрүүлж чадахгүйг угийн сэргэлэн, ажилч хичээнгүй То ван ухааран,1851-1853 онд хэд хэдэн чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсэн юм.
malТо ван сургаалдаа мал аж ахуй, газар тариалан, жас байгуулах, гар үйлдвэрлэл, уран барилга, соёл боловсролын талаар тусгасан ба юуны түрүүн мал аж ахуйг онцгойлон авч үзсэн нь тохиолдлын хэрэг биш бөгөөд манай амьжиргааны гол эх булаг, эдийн засгийн үндэс болохыг тодорхойлжээ. То ван малын тоо толгойг аль болохоор нэмэгдүүлэхийн хамт зүй бусын хорогдлыг дээд хэмжээгээр өууруулахад малчин ардын олон жилийн туршлагыг судлаж хэрэглэхийн зэрэгцээ өөрийн ажиглалт, туршилтын үр дүнг нэмэрлэж энэхүү бүтээлээ туурвисан байна. Малыг таргалуулж хүч тамир суулгах, хавар зуны цагт мал маллах технологи арга ажиллагааг маш нарийн дэлгэрэнгүй зааснаас үзэхэд ган, зудад нэрвэгдэж хаширсан хүний байдал тодорхой харагдана. Зун намар шамдан ажиллахгүйгээр өвөл хаврын тарчиг цагийг туулж чадахгүйг олон талаас нь дахин давтан сануулсан байдаг. Малын тарга хүч хэрхэн авсныг яаж ажиглалт, туршилтын аргаар цаг агаарын байдалтай холбон тогтоох, хонин сүргийг бусад малаас илүү анхаарч, зоотехникийн шинжлэх ухааны одоогийн арга гараагүй байсан үед эцэг малыг хэрхэн сонгох,хэдийд мал нийлүүлж төллүүлэх,төлийг хэрхэн арчлан бойжуулах тухай тодорхой заасан нь одоо ч практик ач холбогдлоо өгсөөр байна.
То ван аж төрөхийн сургаал номнол туурвиад зогсоогүй хэрхэн хэрэгжүүлэхийг хошуугаар төдийгүй өөрийн биеэр үлгэрлэн ажилладаг байсан учир түүнийг ордондоо суудаггүй ноён гэдэг байлаа.То ванг асар олон малтай байсан гэж түүхэнд тэмдэглэсний зэрэгцээ 3 хүүхэд Манзбазар Бавуудорж, Сайн-Учралт нар нь 1869 онд нийтдээ 12625 толгой малтай байсан нь үүний нотолгоо болно.
3.Бэлчээрийн мал маллагааны сонгодог арга.
Дан ганц бэлчээрийн аргаар малаа маллаж өсгөн үржүүлдэг арга технологи өнөөдөр зөвхөн Монголд төдийгүй дэлхийн зарим оронд хэрэглэгдсээр байна. Малчин хүний оюун ухаан,уйгагүй хөдөлюөрөөр То вангийн үед анх түрүүн бүтээгдсэн билчээрийн мал маллагааны монгол загвар зах зээлийн харилцааны нэгэн гол асуудал болон үйлчилсэр байна. То вангийн сургаал дахь билчээрийн мал маллагааны сонгодог арга ажиллагааг дараах хэдэн үзүүлэлтээр илэрхийлж болно:
– Мал аж ахуйн нөхөн үйлдвэрлэл нь үржил селекцийн монгол арга технологи юм.Үүнд эцэг малын сонголт,хээлтэгч-хээлтүүлэгчийн удам, хээлтүүлэгийн физиологийн ба цаг хугацааны тохироо,цаг уур -газар зүйн онцлог зэрэг зүйл багтана.
– Төл бүрийг мал болгох нь малын тоо толгойг өсгөх гол хүчин зүйл юм. Үүнд мал төллөх хугацааг урьдаас нарийн тооцоолж, хангай, говь, тал хээрийн бүсэд өөр өөрцаг үед байхаар тогтооно.
– Малын билчээрийг зөв сонгох явдал бол тарга хүч авахуулахад шийдвэрлэх үүрэгтэй байна.Мал төллөхөөс бусад цагт отор нүүдэл тогтмол хийхийн ач тусыг То ван нарийн зааж, өвс хадаж, нуруулдах машин техник байгаагүй үед хялганы шивээг гарч гүйцэхэд багачуудаар шилбүүрдүүлэн унагаж, өвлийн цагийн мал билчээр болгон нөөцөлдөг байв. Малыг намрын цагт мангирлуулж услах тоог нь цөөрүүлэх замаар тарга  тогтоодог.
– “Сонгосон билчээрийг зөв эзэмших,жишээ нь хаврын хахир хатуу үед хоолой хөндий завсарлан өвс, ус элбэгтэй газар буу. Гал түймрээс сэргийлж,нуур тойром хавьд, шуурга шамраганаас сэргийлж нөмөр газар бараад” -гэж заасан байна. Бэлчээрийн ургамлын шимийг малын биед хуримтлуулах хэлбэр нь малд тарга хүч авахуулах явдал агаад  билчээр сонгосон ажлын үр дүн болно.
– Малыг услахдаа цаг улирлаар заасан хэм хэмжээг нарийн чанд мөрдөх нь нэн чухал. Ялангуяа зуны цагт малыг цангаахгүй байх,намар шүүслэг витаминт өвс идүүлж, усалгааг цөөрүүлэх, өвлийн цагт цасаар ундаалах ба хавар нь ядарч туйлдсан малыг цас хайлж жаварыг нь гаргасан усаар усаар услах.
– Хужир шүү идүүлэх нь малын тарга тэвээргээ хадгалж онд эсэн мэнд ороход сайн.То ван Ар гурван шавар,Цавын эрээн толгой,Очиртын говь,Сангийн далай зэрэг газраас тосон ба мөсөн хужир ,давс авч малд тавьж өгдөг байв.
-Малын тоо толгойг нэмэгдүүлэх,элдэв хорогдол гаргахгүй байх нь мал маллагааны арга технологоос шууд хамаардаг. Халуун болохын цагт хонийг салхины уруу хөлөртөл хөөхөд хамрын хорхой унаж,хурдан таргална. Хаврын цагт хөлөрсөн морины эмээл авч болохгүй.Хол давхисан морийн гэнэт зогсооход хөлд нь цус хурдаг. Шавар, ус, гуу жалганд мал унаж хорогдохоос хамгаал. Намрын цагт ямарч малыг хөөж, хөлөргөхийг цээрлэ. Тэнгэр муухай үед малыг хотноос салхины дээд чигт билчээ – гэх мэтчилэн сургажээ. Үүнээс үүдэн бодоход одоо найр наадам олширч, намар, өвөл морь уралдуулдаг болсон нь зохимжгүй зүйл байлтай.
-Малын тарга хүчийг 5 ангилан, хөөсөн, усан, махан, өөхөн, тосон гэж хуваасан байдаг. Байгалиас заяасан зөнгөөр мал хаврын ногоонд цадаж, хөөсөн, усан, махан болон өөхөн тарга аваад онд орж, дараа жилийн хаврын ногоонд цадаж дахин нэмж таргалан хур буюу тосон таргатай болно. Энэ бүхэн малчин хүний арга барилаас хамаарах ба малын тарга хүчний зонхилох хэсэг зуны цагт бүрддэг.
– Мал дагавал ам тосдоно гэсэн монгол ардын цэцэн үг бий. Иймээс малчин монголчууд өлсөж байсан удаагүй юм. Мал аж ахуй эрхэлж буй хүн ертөнцийг танин мэдэх,орчинтойгоо хэрхэн харьцаж байгаагаас шалтгаалан ухааждаг. Хувь хүн боловсролтой олж түүнээ хөдөлмөрөөр тэтгэвээс улам ухаажина.
Хоосрохуйд урьдаар ухаан барагдана.Ухаан барагдахын шалтгаан нь залхуурал. Ухаантай хүн хоосрох бэрх. Одоо ядуу хүмүүст ухаан зааж тэнхрүүлэх хэрэгтэй гэж ван Б.Тогтохтөр сургажээ.
Малчин хүн малын үүлдэр угсааг сайжрулах замаар өсгөн үржүүлэх, өвчин эмгэгийг эмчлэх, бэлчээрийг зөв сонгож эзэмших, малыг өвс, ус хужир шүүгээр тэгш хангах, ашиг шимийг нь авч бүрэн дүүрэн ашиглах, цаг агаарын байдал, нутаг орны онцлогоос өгсүүлээд аж ахуйг хөтлөхмонгол ардын олон төрлийн арга ухааныг өөртөө агуулсан нэгэн чиглэлийн мэрэгжилтэн байдаг. Одоо манайд То ван судлалыг өргөжүүлэн хөгжүүлэх болсноор түүний сургаал номнолыг судлахын зэрэгцээгээр нутаг усны нь байгалийн баялаг, хөрс ус, малын ашиг шимийн нарийвчлан нарийвчилсан судалгаа явуулах болжээ.
Англи улсын Манчестрийн их сургуулийн багш, “То вангийн нийгэмлэг”-ийн  Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор Терри Пийч: “Зах зээлд шилжих буй Монгол улс эдийн засгийн хүнд бэрхшээлтэй тулгарч байгаа энэ үедээ То вангийн сургаалыг бүтээлчээр хэрэглэх нь гадаад орны зээл тусламжаас дутахгүй ач тусаа өгнө”  гэж  зөвлөсөн билээ.

http://tovan.pms.mn

Санал болгох мэдээ

Энэ сарын 17-ноос цас орж, эрс хүйтэрнэ

11 дүгээр сарын 18-ныг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч суларч, салхитай байх тул тал хээрт …