ХААИС-ын Инноваци, бизнес эрхэлсэн дэд захирал Д.Эрдэнэбаатартай ярилцлаа.
– Одоо хийгдэж буй боловсролын шинэчлэлийн талаар та ямар бодолтой байна вэ?
Цаг үеэ олсон ажил гэж бодож байна. Зарчмын хувьд аливаа бодлого, үйл ажиллагаа цаг үеийнхээ шаардлагад нийцэж шинэчлэгдэж байх ёстой. Судлаач хүний хувьд одоогийн төр засгийн боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлогыг дэмждэг.
– Дээд боловсролын шинэчлэлийг сургуулийн бүтцийн өөрчлөлтөөс эхэлж буй нь хэр зөв алхам бэ?
Төрийн ч бай, хувийн ч бай давхардсан мэргэжил эзэмшүүлдэг их, дээд сургуулиуд цөөнгүй. Ингэхээр тухайн мэргэжлийн үнэ цэнэ буурдаг. Тиймээс чадварлаг мэргэжилтэн бэлтгэхийн тулд сургуулиудын чанарын стандарт, шаардлагыг өндөрсгөж, элсэгчдийн мэдлэгт дэлхийн жишгээр босго тогтоох цаг болсон гэж бодож байна. Бүтцийн өөрчлөлт тухайн сургуулийн чадварыг дээшлүүлэхэд түлхэц болох зүйтэй алхам гэж үзэж байна.
– Одоогийн сургалтын агуулга ямар давуу болон сул талтай вэ?
Хичээлийн агуулгыг өнөөг хүртэл Монгол хүний сэтгэлгээний хэв маягт тохирсон мэдлэгийг олгох зорилгоор боловсруулж ирсэн. Сургуулиуд тухайн мэргэжлээс хамааруулж оюутанд мэдлэгийг өөр өөрийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэх зарчмаар хөтөлбөрөө боловсруулдаг. Хэрэв шинэчилнэ гэвэл дэлхийн түвшний их, дээд сургуулиудад олгодог мэдлэгийг өгөх чиглэлд агуулга, стандартыг шинэчлэх нь зүйтэй. Гэхдээ мөн л тухайн сургууль болон мэргэжлийн онцлогийг харгалзаж таарна. Боловсролын яамнаас шат шатаар хэрэгжүүлж буй сургалтын агуулгын шинэчлэл ч гэсэн үүнд чиглэж байна.
– Төгсөгчдийн мэдлэг, чадвар хөдөлмөрийн зах зээлийн шаардлагад нийцэхгүй байдгийн шалтгааныг юу гэж бодож байна?
Сургуулиудын хувьд өөрсдийн материаллаг болон оюуны баазад тулгуурласан мэдлэгийг өгдөг. Харин оюутнууд маань нийгмийн өмнө хүлээх үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарладаггүй. Олон залуучууд өмнөө тавьсан тодорхой зорилгогүйгээс ажилдаа дургүй чадварлаг бус мэргэжилтнүүд төрдөг. Ийм хүн мэдээж хөдөлмөрийн зах зээлд байр сууриа олоход хэцүү. Түүнээс гадна эдлэх эрхээ сайн мэддэг ч үүрэх хариуцлагаа ойлгодоггүй. Асуудлын гол нь ирээдүйн оюутныг бэлтгэж өгдөг бүрэн дунд боловсролд бий. Их сургуулиуд муу хичээл заадагт шалтгаан нь бий гэж бодохгүй байна. Учир нь манай их, дээд сургуулийн багш нарын мэдлэг, чадвар сайн гэдгийг бид мэднэ.
Асуудлын гол нь ирээдүйн оюутныг бэлтгэж өгдөг бүрэн дунд боловсролд бий. Их сургуулиуд муу хичээл заадагт шалтгаан нь бий гэж бодохгүй байна.
– Манай төгсөгчид цаг үеэсээ хоцорсон мэдлэг эзэмшдэг гэж Боловсролын сайд хэлсэн. Тэгэхээр үүний шалтгаан нь багш нарт бус, тогтолцоондоо байна гэж үзэх үү?
Сүүлийн үед бүрэн дунд болон дээд боловсрол хоорондын залгамж холбоо, харилцан уялдаа ямар байх вэ гэдэг дээр эрэл хайгуул хийх болсон. Цоо шинэ тогтолцоог бүрдүүлэх үү, эсвэл гадны шалгарсан системээс үлгэр авах уу гэх зэргээр олон санаа явж байна. Миний бодлоор чухам аль нь монгол хөрсөнд тохирох вэ гэдгийг сайтар судалж сонгох ёстой. Барууны өндөр хөгжсөн орнуудын тогтолцоог авч хэрэгжүүлэхийн оронд хөрш зэргэлдээ улсуудын туршлагыг өөрийн онцлогтойгоо хослуулах нь үр өгөөжтэй болов уу.
– Их, дээд сургуулиуд судалгаа хийж, шинэ санаа боловсруулж түүнийгээ амьдралд нэвтрүүлдэг газар байх ёстой. Харин Монголд энэ механизм яагаад гацчихаад байна вэ?
Шинэ технологи буюу инноваци гэдэг Монголд огт байгаагүй зүйл биш. Гэхдээ зах зээлийнхээ голдрилоор хөгжиж чадаагүй. Үйлдвэрлэлд нэвтрүүлж болохоор судалгаа хийгддэг ч оюуны өмчийг үнэлэх эрх зүйн тогтолцоо байдгүйгээс гадна судлаачид өөрсдийн бүтээлээ бодит амьдралд хэрэглэе гэсэн зүтгэл бага байдагтай холбоотой гэж бодож байна.
БНСУ-ын “Койка” байгууллагатай хамтран “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн” төслийг 1,4 сая ам.долларын санхүүжилттэй эхлүүллээ.
ХААИС-ын хувьд жижиг үйлдвэрлэлийн алба гэж байснаа одоо инноваци, бизнесийн алба гэсэн нэртэй алба ажилладаг. Тус алба тухайн судалгааны үр дүнг бизнесийн байгууллагатай холбох гүүр нь болж өгөх оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах чиглэлийн бодлогыг хэрэгжүүлж ажиллаж байна. Инновацийн хууль батлагдсан учраас бид гарааны компаниудыг байгуулах бэлтгэл ажлыг хангаж журмаа захирлын зөвлөлөөр хурлаараа баталсан. Бие даасан ийм алба одоогоор зөвхөн манай сургуульд л байдаг давуу талтай. Энэ нь тухайн сургуулийн үндсэн бус орлогыг нэмэгдүүлэх цаашид бие даан хөгжих санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд чухал алхам болно гэж үзэж байна.
– Тэгвэл танай албанаас гараагаа эхэлж амжилт олсон ямар төслүүд байна вэ?
Хоёр төсөл бий. Сүү, зайрмагны үйлдвэрт дадлага хийсэн оюутнууд олсон мэдлэг туршлагаа ашиглаад орон нутагтаа сүү, зайрмагны цех байгуулаад амжилттай ажиллаж байна. Тэд дадлагажих хугацаандаа монгол үнээний сүүгээр зайрмаг хийх технологийг эзэмшсэн. Яг үүнтэй ижил зарчмаар мах, хиамны цех ажиллуулдаг төгсөгчид бий.
– Монгол малын түүхий эд чанараараа дэлхийд дээгүүрт ордог ч хөдөө аж ахуйд маань технологи нэвтрээгүй. Бид хойд хөршөөсөө савласан сүү импортолж байна. Монголын хөдөө аж ахуйн түүхий эдийг хамгийн үр дүнтэй ашиглах ямар технологийг ашиглаж болох вэ гэдэг хөгжлийн загвар судалгаа байдаг уу?
Манай Их сургуулийн хувьд Солонгосын талтай хамтраад “Экологид ээлтэй хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн зорилго нь хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийг ямар технологиор үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг тодорхойлох явдал юм. Одоогийн байдлаар манай оронд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл алхам алхмаар хөгжиж байна. Гэхдээ бид бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж, “цэвэр байгалийн гаралтай” гэсэн имижийг тодотгож өгөх хэрэгтэй. Учир нь бэлчээрийн мал, цэвэр ус, агаар гэдэг бол дэлхийд ховордсон зүйл. Судлаачид ч энэ чиглэлд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн процессоо нэгдсэн голдрилд оруулаад маркетинг, менежментээ амжилттай хийвэл дэлхийд танигдах цаг ойрхон байгаа.