Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Оюутан- Цэрэг хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” А/202 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд, Боловсрол, Шинжлэх ухааны сайдын хамтарсан А/49, А/56 дугаар тушаалыг хэрэгжүүлэх, нийслэлийн нутаг дэвсгэр дэх их, дээд сургуульд суралцаж буй 18-25 насны оюутан залуучуудыг сайн дурын үндсэн дээр элсүүлэх Оюутан-Цэрэг хөтөлбөрийг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлэх ажлын хэсэг байгууллаа.
Ажлын хэсгийн даргаар нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, Хурандаа Ж.Болдбаатар ажиллана. Мөн энэ захирамжаар “Оюутан-цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг гаргасан бөгөөд шаардагдах зардлыг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргана.
Төлөвлөгөөний дагуу “Оюутан-цэрэг” хөтөлбөрт зориулсан сургалт зохион байгуулах, хөтөлбөрт хамрагдах оюутнуудын судалгааг гаргаж, тус оюутнуудыг эрүүл мэндийг үзлэгт хамруулах зэрэг ажлуудыг хийнэ гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл
