“Malaysia Airlines” компанийн сураггүй болсон “Boeing 777-200” онгоцыг хайж байсан Австралийн онгоцныхон далайд хөвж байгаа хоёр зүйлийг ажигласан аж. Нэг нь ногоон юм уу саарал, нөгөө нь улбар шар өнгөтэй зүйл нь “Boeing 777-200” онгоцны хэлтэрхий байх магадлалтай гэж үзжээ.
Гэхдээ бороо орж, их салхитай болсноос эрлийн ажлыг зогсоогоод байна.
Малайзын Ерөнхий сайд Нажиб Разак хиймэл дагуулуудын мэдээллээс харахад “МН 370” нислэг Австралийн баруун эргээс зайтай далайд дууссан гэдэг нь харагдаж байгаа учир онгоц осолдож, Энэтхэгийн далайд унасан гэж үзэж байгаагаа хэлсэн.
Гэхдээ онгоц чиглэлээ яагаад өөрчилсөн талаар таамаг дэвшүүлээгүй байна. “Malaysia Airlines” компани “МН 370” нислэгээр ниссэн зорчигчдоос нэг ч хүн амьд үлдээгүй тул ар гэрийнхэнд нь нөхөн төлбөр олгох санал тавьсан аж.
Компанийн сайтад 17 хоногийн өмнө алга болсон онгоцонд явсан хүмүүсийн төрөл төрөгсдөд эмгэнэл илэрхийлсэн бөгөөд зорчигч бүрийн ар гэрт таван мянган ам.долларын нөхөн төлбөр төлөхөө бичсэн байна.