Л.Суарэз: “Английн хэвлэл надад том дарамт болж байна”


Сүүлийн үед Улаануудын гол довтлогч Луис Суарэзийг багаа орхиж болзошгүй гэсэн мэдээллүүд ар араасаа гарах болсон. Тэрээр Испанийн “АС-26” сонинд өгсөн ярилцлагадаа клубынхаа харьяаллыг өөрчилж болзошгүй гэснээ дурьдаад, мөн одоог хүртэл Сантьягу Бэрнабаугаас ямар нэгэн санал аваагүй гэдгээ хэлсэн байна.

26 настай Уругвай довтлогч хэлэхдээ: “Одоогоор би өөрийнхөө ирээдүйн талаар хэлж мэдэхгүй нь. Реалд очих эсэхээ ч мөн адил. Харин мэдэж байгаа цорын ганц зүйл бол би одоог хүртэл Ливэрпүүлтэй гэрээтэй хэвээр”

“Миний агент намайг тайвшраад хүлээж бай, ямар нэгэн санал ирмэгц л тэр надад дуулгана гэсэн”

“Хөлбөмбөгч бүр л амжилтын оргилд хүрэхийг хүсдэг. Бас алдартай багт тоглохыг хүсдэг. Үүнд Реал Мадрид хамаатай нь мэдээж. Реал бол дэлхийн хамгийн шилдэг клубуудын нэг. Харин сонин хэвлэлд гарч буй зүйлүүд бол ердөө л таамаглал, шум төдий. Одоогоор надад албан ёсны тодорхой санал ирээгүй байна.”

Харин дараа нь Британийн хэвлэл мэдээллүүдийн хандлагын талаар Суарэз:

“Үнэнийг хэлэхэд би Англид ирсэн цагаасаа энэ дарамтыг мэдэрч эхэлсэн. Миний ногоон талбайд үзүүлдэг тоглолт тэдэнд сонин биш. Тэд удаа дараа надад ‘жүжигчин’, рацист гэдэг шошго нааж байсан. Намайг хэзээ ч эергээр харахыг оролдож байгаагүй”

“Зарим хүмүүс намайг Премьер Лигийн шилдэг байж чадна гэдэг. Гэхдээ ийм олон сөрөг шалтгаан байхад надад энд шилдэг байх тавилан байхгүй гэж би хариулдаг юм.”

“Хэсэг хугацааны өмнө би Манчестерт худалдааны төвөөр зугаалаад явж байтал хэсэг залуучууд хамтдаа зургаа татуулахыг хүссэн. Зураг дарах яг тэр агшинд миний эхнэр надад ‘Луис кадраас гар’ гэж хэлсэн. Юу болов гэтэл тэдгээр залуучууд яг хазаж байгаа дүр үзүүлж байсан гэсэн. Энэ үед миний охин ч цуг байсан шүү дээ”

“Иймэрхүү зүйлүүд нервэд маш ихээр нөлөөлдөг. Энэ үед София маань уйлах шахсан, харин тэд инээлдэцгээгээд л. Тэвчихэд үнэхээр хүнд байсан шүү” гэв.

Тэрээр өмнө нь Манчэстэр Юнайтэдийн Патрис Эвраг арьс өнгөөр доромжилсон гэж шийтгүүлэн, 8 тоглолтонд оролцох эрхээ хасуулж байсан билээ.

“Үнэнийг хэлэхэд тэд намайг ямар нэгэн нотлох баримтгүйгээр 8 тоглолтоор өнжүүлэх шийдвэрийг гаргасан. Харин Жон Террид 4 тоглолтын шийтгэл оноосон. Гэвч тэдэнд баримт байсан шүү дээ, мэргэжилтнүүд уруулынх нь хөдөлгөөнийг уншсан байдаг гэсэн”

“Би Өмнөд Америкийн төлөөлөл. Миний харж байгаагаар үүнд л хамаг учир байгаа юм болов уу?”

Луис Суарэз Ливэрпүүлийн хөгжөөн дэмжигчдэд үргэлж талархаж явдгаа илэрхийлсэн. Гэвч энэ нь түүнийг Мэрсисайдад үлдэхэд хангалтгүй бололтой.

“Би хүүхэд байхаасаа л Ливэрпүүлд тоглохыг мөрөөддөг байсан. Намайг сайн мэддэг, агуу тамирчидтай хамтдаа тоглох боломж надад байсан, Мөн би Ливэрпүүлдээ дахиад олон жил тогломоор л байна”

“Анфилд цэнгэлдэх, хөгжөөн дэмжигчид бол агуу. Зарим хөгжөөн дэмжигчид маань надад зориулсан шивээстэй юм билээ. Ийм зүйлсийн талаар зөвхөн мөрөөдөж л болох байх”

“Хөгжөөн дэмжигчид намайг итгэмээргүй дэмждэг. Гудамжаар явж байхад олон хүмүүс хүрч ирээд, Луис бүгдийг мартаад үлд л дээ гэж хэлдэг. Энэ нь ч миний сэтгэлийг хөдөлгөсөн. Гэхдээ надад болж өнгөрсөн зүйлүүдийн талаар мартах тэнхэл алга. Учир нь дан ганц би зовоогүй, миний гэр бүл ч адил зовж байна. Хөлбөмбөгийн хажуугаар миний хайрлаж хамгаалах ёстой зүйл маань гэр бүр, ойр дотныхон. Өрнөж байгаа зүйлүүд тэднийг маань шархдуулж байна” хэмээн Луис Суарэз маань ярилцлага өгчээ.

эх сурвалж: ливерпүүлфс Б.Бадруул

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …