Дэлхийн халуун цэгийг зорих дайчдаа үдэхээр Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, албаны бусад хүмүүс, Афганистан улсад үүрэг гүйцэтгэх цэргийн багийн бие бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн төлөөлөл мөн хүрэлцэн ирсэн байв.
Афганистан Улсад явагдаж буй Эвслийн цэргийн хүчний “Аюулгүй байдлыг дэмжих олон улсын хүчин”-ий ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй цэргийн хамгаалалтын ротын 9 дүгээр ээлжийн цэргийн баг “Эггэрс” баазын аюулгүй байдлыг хангах үүргээ амжилттай биелүүлэн хүлээлгэн өгч, Баруун бүсийн Херат мужид байрлах АНУ-ын Агаарын цэргийн хүчний “Шинданд” баазад шилжин байрлаад байгаа юм. Тэд тус баазын үндсэн шалган нэвтрүүлэх цэг, дотоод шалган нэвтрүүлэх цэг, Агаарын хяналтын цамхаг, Нисэх зурвасын хамгаалалт, баазын доторх машинтай эргүүл, биет хамгаалалтын үүргүүдийг АНУ-ын Зэвсэгт хүчний цэргийн албан хаагчидтай хамтран гүйцэтгэж байна.
Тэдний халааг авахаар Төр, цэргийн баялаг уламжлал, баатарлаг түүхэн замналтай Зэвсэгт хүчний цэргийн багууд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр ажиллагааны өмнөх сургалт, бэлтгэлээ хангаж ажиллагааны газар орныг ийнхүү зорих гэж байгаа юм.