Алдартай, мөнгөтэй хүмүүсийг бид ихэвчлэн харамч, хувиа хичээсэн, өөрөөсөө бусад хүн гэж тоодоггүй мэтээр хүлээж авдаг. Тэгвэл амьдралынхаа багагүй цаг хугацаа, хөрөнгө мөнгө, зүрх сэтгэлээ бусдад туслаж, буяны үйл хийдэг алт шиг зүрхтэй алдартнууд олон. Доорх олны танил эрхмүүдийн хийж байсан гайхалтай үйлүүдийг төдийлөн олон хүн мэддэгүй байж мэдэх юм.
Матт Дамон /Matt Damon/
Матт Water.org байгууллагыг үндэслэгчдийн нэг юм. Water.org нь усны гачигдалд орсон орнуудад тусламж үзүүлдэг сайн санааны байгууллага юм. Мөн тэрээр ДОХ өвчин, гуравдагч орнуудын ядуурлын эсрэг тэмцдэг “ONE campaign” байгууллагын дэмжигч гишүүн юм байна. Бас Матт “Ocean’s 11” киноны багийн гишүүдтэй нэгдэн гуравдагч орнуудад зөрчигдөж байгаа хүний эрх, харгислалын эсрэг тэмцдэг “Not On Our Watch” санг нээсэн юм.
Лэди Гага /Lady Gaga/
Этгээд сонин стилиэрээ үргэлж бусдыг гайхшруулж байдаг тэрээр мөн энэрэнгүй үйлсийг түгээгч нэгэн. Тэрээр дээрэлхүүлж дарамтанд байдаг залуу хүүхдүүдийг дэмжих зоригжуулах зорилгоор “Born This Way Foundation” нэртэй тусламжийн байгууллагыг үүсгэн байгуулжээ. Мөн тэрээр ДОХ-ын эсрэг тэмцдэг “It Gets Better” хөдөлгөөний дэмжигч юм.
Жастин Бибер /Justin Bieber/
Жастин бол “Believe Charity” нэртэй хандивын байгууллагыг үндэслэсэн хамгийн залуу од. Уг байгууллага нь бусад санхүүгийн хүндрэлтэй буяны байгууллагуудад хандив өгдөг юм байна. Мөн тэрээр өөрийн шүтэн бишрэгчдээ сайн үйлсэд цаг мөнгөө харамгүй зарцуулж байхыг уриалдаг гэнэ.
Тайлор Свифт /Taylor Swift/
Уг жагсаалтад заавал орох ёстой алдартнуудын нэг бол Тайлор Свифт. Тэрээр хэд, хэдэн буяны байгууллагад мөнгөн тусламж үзүүлж байсан. Түүнээс гадна өөрийн өмсөж байсан даашинзаа Donatemydress.org буяны байгууллагад хандивласан ба тус байгууллага уг даашинзыг дуудлага худалдаагаар оруулж мянган ам.долларын үнэ хүргэсэн байна. Мөн Тайлор өөрийн фэнүүдтэйгээ ярилцах маш дуртай бөгөөд тэдэндээ зориулсан үнэгүй тоглолтуудыг олон удаа зохиож байсан юм.
Даниэл Рэдклиф /Daniel Radcliffe/
Харри Поттер киноны гол дүр жүжигчин залуу маань буяны үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Тэрээр “Lupus Foundation of America”, “Book Aid International” зэрэг байгууллагуудын гишүүн юм. Үүнээс гадна жүжигчин маань ижил хүйстэн өсвөр үеийнхний амиа хорлолтыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг “The Trevor Project” төслийг дэмжиж ажилладаг. Даниэл мөн ижил хүйстнүүдийг дэмжих олон олон үйл ажиллагаа сурталчилгаанд оролцож байжээ.
Селена Гомез /Selena Gomez/
Селена бол НҮБ-ийн хамгийн залуу сайн санааны элч юм. Тэрээр Гана болон Конго орнуудаар айлчлал хийж зовж шаналж байгаа хүмүүсийн талаар олон нийтэд таниулж хандив тусламж үзүүлж байжээ. Түүнчлэн тэрээр Жое Жонастай хамтран “Ryan Seacrest Foundation” байгууллагын нэр дор Пинсилвань мужийн хүүхдийн эмнэлэгт медиа төв байгуулж өгчээ.
Ник Каннон /Nick Cannon/
Авъяслаг Америкчууд нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь та бидний сайн мэдэх тэрээр хүүхдийн Никелодеон сувгийн HALO шагнал гардуулах ёслолыг зохион байгуулж хөтөлдөг юм байна. Уг шагнал гардуулах үйл ажиллагаа нь хэн нэгэнд тус хүргэсэн сайн санаат хүүхдүүдийг шагнадаг уламжлалтай ажээ. Мөн тэрээр “Toys for Tots” буюу тоглоомноос олсон орлогоо хүүхдийн байгууллагад хандивладаг буяны байгууллагын төлөөлөгч юм.
Жоли-Питт /Jolie-Pitt/
Завгүй амьдралын хэв маягтай, олон хүүхдүүдийн сайн ээж, аав Холливудын хамгийн алдартай хосууд маань сайн санааны үйлд зүрх сэтгэлээ харамгүй зориулдаг. Алдарт одууд маань нэг гэрт орохоосоо өмнө ч хандивын үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байжээ. Тэдний байгуулсан “Maddox Jolie-Pitt Foundation” нь ядуурлыг бууруулах, байгалийн баялгийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг юм байна. Хосууд маань дэлхийн олон олон сайн санааны байгууллагад олон зуун сая долларын тусламж үзүүлчихээд байгаа билээ.
Жорж Клүни /George Clooney/
Жорж бол яах аргагүй бусдын төлөө гэсэн зүрх сэтгэлтэй хүн. Тэрээр Судан улсад хүний эрхийг хамгаалах хөдөлгөөнийг явуулж байгаад цагдаад хүртэл баригдаж байжээ. Мөн тэрээр Боногийн “One” байгууллагад маш их мөнгө хандивлаж байсан юм. Уг байгууллага нь дэлхий даяар 3 сая гаруй сайн дурийн гишүүнтэй Африк болон бусад улс орнуудын үгээгүй ядуурал, өвчлөлтэй тэмцэхээс гадна олон нийт, дээд албан тушаалтнуудад энэхүү нийгмийн байдлыг таниулж улмаар ядуусын амьдралыг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг томоохон байгууллагуудын нэг юм.
Эллэн Деженерес /Ellen Degeneres/
Телевизийн шоу нэвтрүүлгийн хамгийн алдартай хөтлөгчдийн нэг Эллэн мөн л гайхам сайхан сэтгэлтэй нэгэн. Амьтанд хайртай тэрээр эрх нь зөрчигдсөн амьтдын нийгэмлэг болох “The Gentle Barn” –д байнга тусламж дэмжлэг үзүүлдэг. Мөн тэрээр “Бага өөрчлөлт” төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд уг төсөл нь “Feeding America” төсөлд хөрөнгө оруулдаг юм байна. Эллэн Америкийн Улаан Загалмайн Нийгэмлэг болон Сусан Ж Комений эрүүл мэндийн нийгэмлэгт их хэмжээний мөнгө хандивлаж байжээ.