ШӨХТГ-ын дарга О.Магнайг хүмүүс сайн ажиллаж байна гэж дүгнэдэг. Мэдээжийн хэрэг өнгөрсөн 2 жилд О.Магнай даргад хэрэглэгчдийн эрх ашгийн үүднээс хийсэн эерэг сайн ажлууд цөөнгүй байгаатай хэн ч маргахгүй.
Гэхдээ түүнд асуудлууд бас байна. Учир мэдэх хүмүүс түүнийг жилийн 365 хоногийн ихэнхийг нь АНУ тэргүүтэй гадаад улс орнуудаар аялаж өнгөрүүлдэг төдийгүй, Монголдоо нэг ирэхдээ тухайн үед хамгийн тулгамдсан асуудлыг “барьж” аван хэвлэлийн бага хурал зарлан сэтгүүлчдийн өмнө ард түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж байгаа гэсэн “мессэж”-ийг хүргэдэг гэх юм билээ. Ямартай ч О.Магнай улс төр хийж сурсан, хийж чаддаг хүн гэдэгтэй хэнч маргахгүй. Тэрээр энэ удаа өөрийн хийсэн ээлжит “улс төрийн шоу”-ндөө өөрөө “ойчив” бололтой. Монголчууд өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг дээ. О.Магнай хэрхэн иргэдийг өөртөө татах вэ гэдгээ сайн мэддэг нэгэн.
Эрх мэдэл, албан тушаалыг хууль зөрчих арга хэрэгслээ болгож байсан зарим хүмүүстэй Шадар сайд У.Хүрэлсүх хатуухан гараар тэмцэхээр болжээ. Шадар сайдын бүрэн эрхийн хүрээнд хийгдэх энэхүү нөхцөл байдалд удаа дараа хууль зөрчсөн үйлдлээрээ О.Магнай дарга нэгэнт өртөх нь тодорхой болсон учраас тэрээр түүнээс түрүүлж хөдлөхөөр шийдэж твиттерт нэгэн жиргээг оруулжээ.
ШӨХТГ-ын дарга О.Магнай “Бензиний үнэ 1 сарын 1-ээс буурах ёстой. Үгүй бол миний чадал хүрээгүй ажлаа өгнө…RT” хэмээн жиргэжээ. Түүний энэ жиргээг өнгөцхөн харвал шулуун шударга зангийн илэрхийлэл мэт харагдавч үнэндээ тийм биш юм. Ингэж үзэх шалтгаан байна. Учир нь удаа дараа эрх мэдлээ ашиглан хууль зөрчснөөсөө болж он гараад нэгэнт ажлаа өгөх болсон О.Магнай дарга “асуудлыг өөртөө ашигтайгаар” эргүүлэхээр шийдэж ийнхүү жиргэжээ. Харамсалтай нь энэ жиргээ нь түүнд туслахаасаа ус болоход хүрчээ.
Манай улсын хувьд бензин шатахууны ихэнх хувийг ОХУ-аас нийлүүлдэгийн улмаас ОХУ-ын нефтийн бүтээгдэхүүний үнэ ханш манайд шууд нөлөөлдөг. Харин сүүлийн саруудад ОХУ-д бензин шатахууны үнэ буурсан байна. Үүний үр дүнд 2015 он гарангуут манайд ч гэсэн бензиний үнэ буурах ёстой.
ШӨХТГ-ын дарга О.Магнай үүнийг аль хэдийнэ олж харсан нь тодорхой. Дээрх жиргээ нь үүнийг илэрхийлээд зогсохгүй, огцорохоосоо өмнө өөрийгөө буруугүй мэтээр олон нийтэд харагдуулах гэсэн түүний гол “заль мэх” үүнд оршиж байв.
Хэрвээ 2015 оны 1 сард бензиний үнэ буурвал үүнийг О.Магнай бууруулсан мэт харагдах, гэтэл ингэж бензиний үнэ бууруулсан хүнийг ажлаас нь халах нь буруу зүйл гэх ойлголтыг олон нийтэд төрүүлэх гэсэн эхний зорилго энэ жиргээний цаана нуугдаж байна.
Харин эсрэгээрээ бензины үнэ буурахгүй бол О.Магнай өөрийн сайн дураараа ШӨХТГ-ын даргын ажлаа өөрөө сайн дураараа өгч байгаа мэтээр олон нийтэд харагдуулан улмаар “уснаас хуурай гарах” гэсэн түүний улс төрийн нүүдлийн илэрхийлэл бол дээрх жиргээ юм.
Нэгэнт он гараад огцрох нь тодорхой болонгуут О.Магнай улс төрийн ийм нүүдэл хийжээ. Уг нь түүний энэ нүүдэл өөрийнх нь тооцоолсноор болох гэж байхад тэрээр МАН-ын бүлгийн зөвлөх Б.Энхбаяртай твиттерээр “ам муруйн”, улмаар Шадар сайд У.Хүрэлсүхийн “нохойн баас” гэж дуудснаар өөрийнхөө төлөвлөгөөг нуруугаад зогсохгүй, зарим булхайгаа илчлүүлсэн байна.
О.Магнай ШӨХТГ-ын дарга болсныхоо дараа төрд ажилладаггүй нилээд хэдэн хүнийг төрд ажилладаг, дарга хийдэг гэсэн бичиг хийж өгөөд ногоон паспорт авч өгчээ. Энэ тухай энд дарж дэлгэрэнгүй баримттай мэдээллийг уншина уу.
Ногоон паспортыг хуулийн дагуу төрд өндөр албан тушаал хашдаг хүмүүст өгдөг. Хэрэв хууль зөрчин өөр хүмүүст өгвөл хариуцлага хүлээдэг. Гэтэл хууль шударга ёс ярьдаг О.Магнай төрд ажилладаггүй найзуудаа төрд ажилладаг гэж хэлээд ногоон паспорт аваад өгчихжээ. Зөвхөн энэ ганц үйлдэлийнхээ төлөө хариулагаа хүлээх нь тодорхой гэж эх сурвалж мэдээлэв. Энэ мэт олон “но”-той асуудлаасаа болоод нэгэнт ажлаа өгөх нь тодорхой болсон О.Магнай ажлаасаа “нэр цэвэр” гарахын тулд дээрх жиргээг оруулсан нь сүүлдээ өөрийнхөө булхайг илчлүүлэхэд хүрсэн байна.
Шударга ёсны тухай ам ангайх бүрдээ ярих дуртай ШӨХТГ-ын дарга О.Магнай шударга бус үйлдээрээ хэнийг ч дагуулахгүй гэдгийг батлах баримтууд нэгэнт ил болжээ.
Увайгүй улс төр хол явахгүй гэдгийг О.Магнай даргын энэ жишээ илэрхийллээ
Ц.Мөнх