Авлигатай тэмцэх газар олон нийтийн оролцоонд тулгуурласан, хөндлөнгийн хараат бус “Шинжээчдийн баг”-ийг ажиллуулж, төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагаанд үнэлгээ хийлгэсэн билээ. Уг үнэлгээний дүнг олон нийтэд танилцууллаа.
Нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр шалгарсан “Баянзүрх консалтинг” ХХН, “Онч шийдэл” ТББ, “Нийгмийн бодлогын хөгжлийн судалгааны хүрээлэн” ТББ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн 4 баг Авлигатай тэмцэх газраас баталсан “Төрийн байгууллагуудын авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлэх аргачлал”-ын дагуу төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд үнэлгээ хийж, дүнг олон нийтэд зарлаад байна. Энэ үнэлгээ нь 2 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд хөндлөнгийн шинжээчид үнэлдгээрээ онцлог билээ.
Үнэлгээнд Улсын Их Хурлаас байгуулагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 16 яам /2014 онд ажилласан хуучин бүтцээр/, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 26 агентлаг /Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 44 хуулийн этгээд, нийт 124 байгууллага хамрагдлаа. Үнэлгээ нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачилгыг 0-30 оноо, нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд энэ жилийн улсын дундаж үнэлгээ 60%-тай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 11.8%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Графикаар харуулбал:
Шинжээчид тайландаа үнэлгээнд хамрагдсан бүх төрийн байгууллагууд авлигын эсрэг төлөвлөгөөтэй болсныг тэмдэглээд авлигын эсрэг үйл ажиллагаа, хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүртгэл, хадгалалт хариуцсан эрх бүхий албан тушаалтантай болсон, тэдний хариуцах үүргийг ажлын байрны тодорхойлолтод нь тусгасан, зохих нэмэгдлийг олгодог, цахим хуудсаар дамжуулан иргэдээс өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээн авах нөхцөлийг бүрдүүлсэн, худалдан авах ажиллагааны төлөвлөгөө болон төсөв санхүүд холбогдох мэдээлэл, удирдлагын шийдвэрийн нээлттэй байдлыг хангах, мэдээлэх асуудалд тодорхой ахиц гарчээ гэж дүгнэсэн байна. Харин төлөвлөсөн арга хэмжээг хэрэгжүүлэх зардлыг тусгайлан төлөвлөх, хяналт шалгалтын ажлыг хяналт шинжилгээ, үнэлгээтэй андуурч тайлагнах, тендерт шалгарсан болон шалгарч чадаагүй шалтгаан, нөхцөл, хуулийн үндэслэлийг мэдээлдэггүй, тодорхой төрлийн үйл ажиллагааны хэрэгжилт, явц байдалд хяналт тавих, судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг иргэний нийгмийн байгууллагаар гүйцэтгүүлэх, тэдний санал, санаачилгыг дэмжих, сул орон тооны зарыг тогтмол шинэчилдэггүй, цахим хуудас нь хайлтын системгүй, ашиглахад дөхөм, хялбар биш зэргээр шүүмжлэлтэй хандсан байлаа.
Төрийн байгууллага тус бүрийн 2014 оны үнэлгээг 2013 оны үнэлгээтэй харьцуулан үзүүлбэл:
Энэ онд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааг анх удаа үнэлсэн ба Сүхбаатар дүүрэг 74.8, Сонгинохайрхан дүүрэг 73.9, Чингэлтэй дүүрэг 67.6, Баянзүрх дүүрэг 58.5, Хан-Уул дүүрэг 56.1, Баянгол дүүрэг 55.7, Багануур дүүрэг 53, Налайх дүүрэг 42.9, Багахангай дүүрэг 22.8 оноогоор тус тус үнэлэгджээ. Дүүргийн дундаж үзүүлэлт 56.1%-тай байжээ.
Шинжээчдийн багаас хийсэн “Төрийн байгууллагын авлигын эсрэг 2014 оны үйл ажиллагааны үнэлгээ”-ний тайланг дараах холбоосноос үзнэ үү.
- Аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газрын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хийсэн үнэлгээ
- Яамд, УИХ-ын дэргэдэх байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд өгсөн үнэлгээ
- Авлигын эсрэг үйл ажиллагааны үнэлгээний тайлан – 2014
Эх сурвалж: http://www.iaac.mn/