Бөхчүүдийн барилдаан сайхан болж, хоёр аварга, улсын гарьд Б.Гончигдамба, харцага Т.Өсөх-Ирээдүй нар уран барилдаанаар үзэгчдээ баясгасан. Харин бөх тайлбарлагчийн ур чадвар үнэндээ сэтгэлд хүрсэнгүй. Барилдааныг МҮОНТ-ээр тайлбарласан нөхөр бөхчүүдийн цол гуншин, нутаг уснаас илүү “бөгс”-ийг нь илүү дуудаж, олон нийтэд алдаршуулав.
Монгол бөхийн тайлбарт өмнө нь “бөгс” гэдэг үг байгаагүй санагдана. Харин энэ удаа “албаар” гэмээр олон удаа хэлж байсныг олон бөх сонирхогч анзаарч, шүүмжилж байна. Тайлбарлагч жишээ нь, мордох мэх хийсэн барилдааныг “Бөгс ийм хол байхад зүтгэж мордоод нэмэргүй дээ” гэж тайлбарлах юм. Уг нь бол “Ийм холоос зүтгэж мордоод нэмэргүй” гэхэд л болмоор. Тавын даваанд тунасан Б.Гончигдамба гарьд, Э.Оюунболд харцага нар хайн болоход “Гончигдамбын тохой, Э.Оюунболдын бөгс хоёр зэрэг хүрчээ” гээд л авч байгаа юм. Олон давталттай шүү. А.Отгонбаатар арслан Г.Эрхэмбаяр аваргыг давуулахад “Тийм ч амар хөндийрөхгүй л дээ. Аварга бөгсөө хойш нь шидээд л хамгаалаад байна” гэж зэргээр тайлбарлах нь эвгүй байсныг яана. Бөх тайлбарлагч залуу Бөхийн өргөөнд цугласан 2500 хүнд биш, Монголын үндэсний олон нийтийн телевизээр дорд биеийг тэгтэл алдаршуулан зарлаад байх нь зохихгүй л байлтай.
Эх сурвалж: mminfo.mn