Х.ТЭРГЭЛ: “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчид манай гэр бүлийг доромжилсон учраас шүүхэд өгч байгаа

tergel149263832201501031057МЗЭ-ийн шагналт яруу найрагч Хулганайн Тэргэлтэй цахимаар холбогдож хөөрөлдлөө. Тэрээр эдүгээ АНУ-д амьдарч буй манай нэртэй уран бүтээлчдийн нэг билээ.

-Та сайхан өвөлжиж байна уу. Америк оронд очоод хэдэн жилийн нүүр үзчихэв дээ?

-Сайхаан. Найман жил болж байна аа.

-Бас л их удаж байгаа юм байна даа. Хүний нутагт ямаршуухан байна?

-За, хүнд хэцүү үе их л байлаа. Амьдралдаа хийж үзээгүй хар бор ажил хийх, сэтгэл санаа гундах гээд эхэндээ амар байгаагүй ээ. Одоо бол дасаад арай дээр болсон доо.

-Хэн хэнтэйгээ амьдарч байна?

-Нөхөр, хоёр хүүхдийнхээ хамт аж төрж байна даа.

-Өөрийн чинь “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” шүлэг цахим ертөнцөд их явах юм. Мартсанаас мал мэнд үү гэдэг шиг уран бүтээлийн олз омог хэр их байна?

-Уран бүтээлийн хувьд чамлахааргүй байгаа. “Америк диваажин мөн үү” ном, мөн яруу найргийн номоо бэлдээд гараас гаргах ойртож л байна. Мөн хөгжмийн зохиолч Ш.Энхбат, “Хурд” хамтлаг, “Emotion” хамтлагтай хамтарч хэд хэдэн дуу хийлээ.

-Таны шүтэн бишрэгчдэд дуулгах сайхан мэдээ байна шүү…

-Ирэх жилээс эх орон­доо очиж амрахдаа но­моо хэвлүүлчихээд, уншигчид­тайгаа уулзаж уран бүтээлийн үдэшлэг хийх санаатай л байна.

-Та чинь ингэхэд төрийн шагналт яруу найрагч О.Даш­балбар агсны хамаатан гэдэг бил үү?

-Тийм ээ. Яруу найрагч О.Дашбалбар миний авга ах юм. Миний аавын ээж, эмээгийн төрсөн дүү Очирбат ахын ууган хүү шүү дээ.

-Таныг яруу найрагч болоход авга ахын чинь нөлөө их байв уу?

-Яг үнэндээ ээж минь л надад их нөлөөлсөн. Миний ээж намайг уран зохиолын хичээлдээ авьяастайг минь мэдэрч, долоо наймдугаар ангийн хүүхэд зуны амралтаар эмээгийнх өөдөө явахад тэмдэглэлийн гоё дэвтэр өгч “Шүлэг бичээрэй” гэсэн юм. Ээжийнхээ үүрэг даалгавар ч гэх үү, хүслийг биелүүлэх гэж бороотой өдөр гадаа догдлон сууж анхны арав гаруй шүлгээ бичиж билээ. Тэр миний уран бүтээлийн гараа байлаа. Анхны шүлгүүдийг маань аав, ээж хоёр Дашбалбар ахад “Манай энэ хүүхэд шүлэг бичих дуртай юм. Болбол хэвлүүлээд, болохгүй бол тэр биз” гээд өгч байсныг санаж байна. Дашбалбар ах маань ч ер нь ах дүүсээ байтугай төрсөн хүүхдүүддээ ч өөрийн чадлаараа яв гэж ханддаг шударга нь дэндүү хүн байсан шүү дээ. Их хожим шүлэг сайн бичиж байгаа сайн найрагчдын нэрийг дурдахдаа миний нэрийг оруулсан байсныг сонин дээр гарсан ярилцлагаас нь олж уншаад учиргүй их хөөрч байлаа.

-Тэр шүлгүүд тэгээд уран бүтээл болоо юу?

-Би ч шүлгүүдээ мартаж орхиж. Тэгтэл ээж нэг өдөр “Утга зохиол, урлаг” сонин авчраад өгтөл аугаа их Д.Урианхай ах өмнөх үг бичээд хэвлүүлсэн байж билээ. Одоо ч би энэ хувь заяандаа баярладаг. Анхны тэр шүлгүүдээс “Намар”, “Хүүхэд нас минь баяртай” гэдэг хоёр шүлэгт урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Баттөмөр гуай, “Элькондор” хамтлагийн Цогоо хоёр аялгуу хийн дуу болж байсан түүхтэй. Аа бас, Дашбямбын ая “Номинталст”-ын Батсүхийн дуулдаг “Өвлийн шөнө” гэдэг дуу маань тэр анхны шүлгүүдийн нэг юм байна. “Хүүхэд нас минь баяртай” дуу гэхэд хорин найман жил дуулагдаж байна шүү.

-Миний санахад “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” гэсэн ганц ном гаргасан байх шүү?

-Үеийнхнээ бодоход ердөө ганц номтой яруу найрагч. “Чөтгөрийн гүнж”, “Залуу явахад юм бүхэн өнгөлөг” хоёр шүлгээрээ би Монголын уран зохиолын хоосон хатавчинд зогсохооргүй яруу найрагч гэдгээ баталсан гэж уран бүтээлчийн хувьд өөрийгөө тоодог шүү.

-“Болор цом” наадамд “Би чөтгөрийн гүнж” гэсэн шүлгээ уншихыг чинь хараад ний нуугүй хэлэхэд биширч байлаа. Энэ наадамд олон удаа оролцов уу?

-Би ер нь тэмцээний одгүйгээ мэдрээд “Болор цом”-доо олон удаа шүлгээ уншаагүй ээ. Гэхдээ “Болор цом”бол яруу найрагчдыг ард түмэнд таниулж өгдөг сайхан тэмцээн. Би муулах дургүй.

-Саяхан цахим хуудсан дээрээ “Зүрхээр наадагч” киноны уран бүтээлчдийг шүүхэд өгнө гэсэн байсан. Ямар учиртай юм болов?

-Би эцэг эхээс ах дүү дөрвүүлээ юм. Нэг ах, хоёр дүүтэй. Аав маань дөрвөн хүүхдэдээ Эрхэс, Тэргэл, Ялгуун, Энхжин гэж сайхан нэрсийг ертөнцөд мэндлэхэд минь шивнэж өгсөн. Тэр бүү хэл, “Эрхэс тэнгэрт

Тэргэл саран

Ялгуун сайхнаар

Энхжин мандмой” гэж шүлэглэж бидэнд бэлэглэсэн байдаг. Гэтэл, “Зүрхээр наадагч” гэдэг кинонд бидний нэрийг бүгдийг оруулаад, аавын шүлгийг хүртэл хуулсан байгаад хэн ч гэсэн гомдолтой байна биз дээ. Бидний ууган ах 1969 оны, отгон дүү 1976 оных. Тэр үед бидэн шиг содон сайхан, ховор чамин нэртэй ганц ч хүүхэд байгаагүй. Сүүлд 1990-ээд он, шинэ мянганд төрсөн хүүхдүүдэд дуурайж будаан ширхэг, бороон дусал шиг олноор үржүүлж өгсөн дөө.

huu12-“Зүрхээр наадагч”-ийг үзэв үү. Аль хэр кино байх юм?

-Үзсэн. Үнэхээр надад таалагдаагүй. Зарим хүмүүс “Танай гэр бүлийн амьдралаас сэдэвлэсэн юм уу” гэж асууж байна лээ. Ядаж байхад, киноны дүр болох дөрөв дотор янхан, луйварчин, хог түүгч гээд гялайх цайх намтартай олигтой ганц ч хүн алга. “Уран бүтээлийг ингэж хүн доромжилж хийдэггүй юм аа. Аав маань та нараас бидний нэрийг зээлдэж, тууж авсан юм уу” гэж асуух гээд гавьяат жүжигчин Уранчимэг, Цогоо, киног зохиосон гэх жүжигчин Ганчимэг нараас асуух гээд холбогдохоор утсаа ч авахгүй юм. Уучлал гуйж холбогдох болов уу гэж ч бишгүй харлаа.

-Одоо тэгээд гомдлоо барагдуулж шүүхэд өгөх үү, яахав?

-Би тэднийг шүүхэд өгнө. Аав минь өөд болоод ганц жил ч болоогүй байхад хул­гайч гэж дэлгэцээр доромжилж, бас цахим ертөнцөөр доромжлогдох боломжоор хангаж өгсөн тэдэнтэй үсээ цайтал тэмцэнэ. Тэднийг өмөөрч, өөгшүүлж буй олон ч хүнд өөрөө хулгай хийсэн гэмтэн шиг өчнөөн доромжлууллаа. Үнэхээр гомдолтой байна. Уранчимэг аавын маань бидэнд зориулсан сэтгэлийн сайхан үгийг хээв нэг ашиглачихаад, миний дүү, ангийнхаа охин Ялгуунд ч дуулгаж болох л байсан даа. Одоогийн нөхцөл байдлаар бол миний аав хулгайч шиг харагдаад, тэд харин агуу уран бүтээлчид болж нийгэмд ойлгогдоод байна. Хүн чанаргүй байна гэхэд ийм байж болох уу, даанч.

-Урнаа гавьяат, Ганчимэг жүжигчин хоёртой манай сонин ч холбогдох гээд чадаагүй. Таны дуудлагыг тэгэхээр авахгүй нь ойлгомжтой биз дээ?

-Утсаа ерөөс авахгүй байгаа. Би зурвас бичиж байж, Ганчимэг надад майл хаягаа өгсөн. Тэгсэн тэр нь шал буруу хаяг байсан. Хулгайч биш л юм бол тэд юунд миний дугаарыг авахгүй зугтана вэ гэж дэмий л гайхаж сууна. Урнаа ч утсаа авахгүй байгаа. Сонин хэвлэлийнхэн залгаад үзэхэд утсаа ер авахгүй байна гэсэн. “Одод” болчихоороо хүний утас ч авдаггүй юм уу.

-Аавын чинь шүлгийг хүртэл иш татсан болохоор зохиогчийн эрхийг аргагүй ноцтой зөрчиж дээ. Танай аав яруу найрагч хүн байсан юм уу?

-Миний муу аав зохиолч хүн байгаагүй ээ. Амьдралдаа анх удаа хоёр хүү, хоёр охиндоо бичсэн ганц шүлэг нь болохоор би дэндүү хайртай юм. Ааваараа бахархаж баясаж явдаг нандиндурсамжийг минь ингэж хөөтэй хутгаж болохгүй.

-Нандин дурсамж үлдээсэн шүлгийг киноны уран бүтээлчид хаанаас авчихсан юм бол?

-Өөрөө тэднээс асуусан нь дээр байх. Би далдыг мэддэг хүн биш. 1987 оноос хойш өгсөн миний бүх ярилцлагад шахуу байгаа. Хамгийн сүүлд гэхэд МҮОНТВ-ийн тоймч Ц.Мөнхтөр ахын “Ярилцъя” нэвтрүүлэгт 2010 онд орохдоо дурдаж л байсан. Үүнийг маань батлах амьд гэрчүүд ч олон бий.

-Аа, таны ярианаас сон­соод л уран бүтээлийн өл­гөц болгоод авчихаж л дээ…

-Хамгийн гол нь аавын минь бидэнд хайрласан нэр, бидэнд зориулсан шүлэг энэ киноных нь амин сүнс, гол холбоос болсон байна лээ. Би жүжигчин Урнааг Драмын театрт өлгүүрчин, Цогоог СУИС төгсөөд хүнд танигдаагүй, Ганцэцэг, Ганчимэгийг урлагт сураггүй байхад Монголын их уран зохиолын хаалгыг татаж, дуудах нэр, дуурсах алдартай, хүмүүс шүлгийг минь ам дамжуулан цээжилдэг болчихсон уран бүтээлч байсан. Урнаа, Цогоо хоёрт хэлэхэд хоёуланг чинь таних л юм сан, ичих нүүртэй амьдраарай гэж захичихъя.

-Монгол Улсад оюуны өмч, зохиогчийн эрх гэдэг ойлголт хэцүүхэн л байдалтай байдаг эд. Харин АНУ-д байдал ямар байдаг юм бол?

-Америкт ёстой нүүр хийх газаргүй болно. Залуусын хэлдгээр “будаа болж” шо­рон зүглэнэ. Хийсэн ганц ч уран бүтээлийг нь хүн үзэх­гүй, асар их төлбөрт унана. Нэр төр нь шалбаагт унана. Монголд хууль эрхзүй ямаршуухан байгааг хуульчид хандсан байгаа. Шинэ он болох гэж байхад баахан гомдол ярьчихав уу даа.

-Үнэн юмыг бага дээр хэлж ярьж явахгүй бол угаасаа хэцүү л дээ. МЗЭ-ийн төлөөллүүд жил бүр АНУ-д зочилж, нутаг нэгтнүүддээ зориулсан утга зохиолын үйл ажиллагаанд оролцдог болсон. Үүнд та хэрхэн оролцож байна?

-“Америкийн монголчуу­дын уран зохиолын нийгэм­лэг”-ийг Пүүжээ гэдэг сэтгүүлч хүү зохион байгуулъя, тус дэм болооч гэсний дагуу бүх чадлаараа л дэмжиж явдаг даа. Анх Америкт Монголын зохиолчид маань хөл тавих үүд хаалгыг Денвер хотод аж төрж буй яруу найрагч Лхамзаваар ахлуулсан “Тулга” клубийн хамт олон нээж, улмаар сэтгүүлч Пүрэвсүрэн, АМУЗН байгууллагадаа найрагч надаас өгсүүлээд халуун сэтгэлээр ханддаг олон хүн байдагт талархаж явдаг даа. Саяхан ардын уран зохиолч Т.Галсан, Б.Лхаг­васүрэн нар ирж уран бүтээлээ толилуулаад явсан. Т.Галсан гуайгаа өдий ная гарсан хүн гэхэд ямар гайхамшигтай оюун билэг төгс, Монголын гайхамшигт хүн бэ гэж эндхийн монголчууд маань биширсэн шүү. Энэ завшааныг ашиглаад гэдэг шиг “Оройтсон бороо” дууны шүлгийг бичсэн зохиолч Б.Туяа эгч болон Бирадамба ах, Үржинханд эгчдээ алс холын газраас сайн сайхныг хүсье.

Л.БАТЦЭНГЭЛ

Эх сурвалж: www.dnn.mn

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …