Шинэ оны өмнө зарим сургуулийн оюутнууд сар тутам олгодог тэтгэлгийн 70 мянган төгрөгөө авсан бол зарим нь авч амжилгүй өнөөдөртэй золгоод байна. Тэтгэлэг нь хараахан буугаагүй сургуулийн жагсаалтад МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инжнерчлэлийн сургууль, Хууль зүйн сургууль болон Анагаахын шинжлэх ухааны их сургууль, Монголын үндэсний их сургууль, Санхүү эдийн засгийн дээд сургууль зэрэг сургуулиуд багтжээ. Эдгээр сургуулийн оюутнууд тэтгэлгээ өнөөг хүртэл аваагүйн учир нь тухайн сургуулийн оюутнуудын мэдээлэл хугацаанаасаа хоцорсонтой холбоотой бололтой. Мөн төлөвлөсөн төсөв таван тэрбум төгрөгөөр хэтэрчээ. Өөрөөр хэлбэл олон оюутны дүнгийн голч төлөвлөж байснаас өндөр гарчээ. Тиймээс 2014 оны төсвөөс олгож амжаагүй тэтгэлэг 2015 онд хэзээ олгогдох нь тодорхойгүй байна.
Д.ЦЭЭЛ