-Хоббит кино дэлхийн кино театруудаар гарч эхэллээ. Гэхдээ “Хоббит” кинонд дүрслэгдсэн байгаль орчин, дэлхий ертөнцийн харагдах байдал өмнөхөөсөө өөрчлөгдсөн байсан. Харин утга агуулгын хувьд нэг их өөрчлөгдөөгүй юм шиг санагдсан?
Мартин Фримен: -Тийм үү. Тэгэж санагдаж магадгүй л юм. Энэ кино төсөл маань маш том. Тийм болохоор төдий хэмжээний олон хүний сэтгэлд хүргэхийг эрмэлзэж байсан. Кино гэдэг өөрөө их “гайхалтай” зүйл шүү дээ. Сүүлийн хэдэн жилд намайг сайн мэдэхгүй хүмүүсийг “Аан. Та Бильбо Бэггинс байсан юм уу” хэмээн уулга алдуулах хүртэл нэлээд хөдөлмөрлөлөө. Бодол санаа маань ч өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, хаалгаа нээгээд өрөөнд орох үед “Тийм ээ. Хоббит эргээд ирлээ” гэж боддог болох хүртэл их хугацаа зарцуулагджээ. Магадгүй Хоббитын дүрийг бүтээж буй хүн Бильбо Бэггинс гэж бодох хүн олон байгаа байх.
-Энэ бүхэн таныг дүрээ хэр сайн амилуулж ирсэнийг илтгэж байх шиг?
Мартин: -Тийм ээ. Тэгж хэлж болох байх.
-Жүжигчин Орландо Блумын хувьд 2001 онд дэлгэцнээ гарсан “Бөгжний эзэн” киноноос хойш Леголасын дүрийг бүтээх болсон. Цуврал бүтээлээ дуусгаад үзэгчдийн хүртээл болгоход ямар санагдаж байна?
Орландо: -Нэг цаг үе дууссан юм шиг л санагдаж байна. Леголасын дүр миний өнөөдрийг хүртэлх карьер, амжилтыг минь бий болгож өгсөн гэж би боддог. Миний хамгийн анхны амилуулсан томоохон дүр байсан. Ж.Р.Р.Толкин шиг домогт зохиолчийн туурвисан тэрхүү дүрийг амилуулах боломж надад олдох үед би ердөө 21-хэн настай байсан болохоор маш том хариуцлагыг үүрч байсан. Тиймдээ ч нэлээд ул суурьтай хандаж байсан юм. Одоо ч өөрчлөгдөөгүй.
Түүний дараа “Хоббит” цуврал кинонд тоглохоор болж, дахин Леголасын дүрийг бүтээх болсон маань үнэхээр нэр төрийн хэрэг байсан. Түүний нүдээр эцгийн харилцаа, ертөнц дэх бусад овог аймгууд болон элфүүдийн харилцааг харж, киноны төгсгөл хэсэг хүртэл тэдгээр дүрүүд болон Леголасыг илүү их ойлгохыг хүссэн.
-Урт удаан хугацааны турш үргэлжилсэн зураг авалт дуусах хамгийн сүүлийн өдөр ямар байсан бэ?
Орландо: -Зураг авалтын сүүлийн өдрийг тодхон санаж байна. Үнэхээр гайхалтай өдөр байсан. /дуу аялав/ Ийм маягаар Питер бөгжний эзэн киноны дууг аялаад, түүний дууны аянд бид “нөхөрлөлийнхөө” нутаг дэвсгэрийн төлөө тэмцэж байсан. Киноны маань төгсгөл хэсэг учраас би дэлгэрэнгүй ярьж болохгүй. Ямар ч гэсэн би нэг дүрийн эсрэг тэмцэлддэг юм. Гэнэт энэ хөгжим дуугарч эхлэхэд миний дотор огшоод л ирсэн.
Мартин: -Кино зураг авалтын сүүлийн өдөр би Ричард Адмитидж /Торины дүрд тоглосон/ Грэм Мактавиш хоёртой хамт байсан. Үнэхээр мартагдашгүй сайхан байж билээ. Гэхдээ энд дүрслэн ярьж чадахгүй нь. Зүрх сэтгэлийг минь хөдөлгөсөн үнэхээр ер бусын үзэгдэл байсан.
Хүн бүртэй салах ёс хийгээд, Хоббит цуврал кино бидний амьдралын томоохон хэсгийг эзэлж байжээ гэж бодсон чинь өөрийн эрхгүй нүдэнд нулимс бүрхээд ирсэн. Би аливаа зүйлийн ард нь гарах дуртай. “За ингээд дууслаа” гээд уран бүтээлчдийн царайг хараад “Тийм ээ. Эдгээр хүмүүсийн хамтаар бүтээлээ дуусгаж чадлаа шүү дээ” гэж бодоход сэтгэл дүүрээд л ирэх шиг болдог. Энэ нь л мэдрэмж тэр үед төрж байсан юм.