Улсын хилээр ан амьтны эд эрхтэн гаргахыг оролдсон тохиолдлууд удаа дараа гарсаар байна. Одоогоор бүртгэгдээд байгаа хамгийн сүүлийн тохиолдлыг дурдвал энэ сарын 9-ний өдөр УБ-Замын-Үүдийн галт тэрэгний 25 дугаар вагонд ан амьтдын эд эрхтэн гаргахаар нуусан байсныг цагдаагийн байгууллага илрүүлээд байна.
Эл хэргийг Хөвсгөл аймгийн харьяат иргэн Э, Н, Д нар бүлэглэн хууль бусаар хил гаргах гэж байсан нь энэ аж. Одоогийн байдлаар Төмөр зам дахь цагдаагийн хэлтсийн Гэмт хэрэгтэй тэмцэх тасагт энэ хэргийг шалгаж байна.
Хураагдсан эд зүйлээс үзэхэд баавгай хоёр, буга 13, согоо 17, хүдэр нэгийг тус тус хуль бусаар агнасан байна. Хохирлын хэмжээг шууд тогтоох боломжгүй учраас шинжээч томилон экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоолгохоор ажиллаж байгаа ажээ.
Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас хууль бус ан хийж, улсын хилээр ан амьтны гаралтай түүхий эд нэвтрүүлэхийг завдахгүй байхыг анхааруулсан байна.