Спортын хувьсал

judoҮндэсний бөх, хурдан морь, сур харвааг эс тооцвол манай улсад их спорт хөгжөөд хэдийнэ хагас зуун жил өнгөрчээ. Манай тамирчид анх 1964 онд олимпод оролцож Монгол Улсад их спорт хөгжиж эхэлснийг албан ёсоор тунхагласан байдаг. Түүнээс өмнө тоотой хэдхэн төрлөөр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан түүхтэй. Бид олимпийн анхны медальтнаа 1968 онд өлгийдөн авсан. Харин дэлхийн аварга хэмээх цолыг хамгийн анх 1971 онд байт харваагаар Монголын тамирчин Д.Дэмбэрэл хүртсэн байдаг билээ. Үүнээс хойш чөлөөт бөх, жүдо, буудлага, бокс гэх мэт спортоор олимп, дэлхийн аварга болон медальтнууд ар араасаа төрөн гарсан түүхтэй.

Монголын спортын нэр хүнд дэлхийн тавцанд маш богино хугацаанд өсч, дэлхий дахинаа тал нутгаас төрсөн суутнуудыг шагшин магтах болсон юм. Тэгвэл тэдний үргэлжлэл өнөөдөр ч гэсэн таван тивд шуугиулсаар явна. Ялангуяа бидний топ хэмээн нэрлэдэг дөрвөн төрлөөс хамгийн өндөр амжилттай яваа нь чөлөөт, жүдо бөх. Зөвхөн тамирчин гэлтгүй дасгалжуулагч нарыг ч дэлхийд хүлээн зөвшөөрсөн нь тохиолдлынх биш аж. Алдарт дасгалжуулагч Солийн Магсараас эхлээд чөлөөт бөхийн нэрт зүтгэлтэн О.Цэрэндагва, жүдо бөхийн зүтгэлтэн Ч.Машбат тэргүүтний хойч үе өнөөдөр бөмбөрцгийн бөхийг хөгжүүлэх гэж зүтгэж байна. Энэ нь ч эхнээсээ биеллээ олсоор. Монголын тамирчид томоохон улс орнуудын хараанд өртөж, биднийг тоож эхлэв. Энэ бол их спортод хувьёал гарч буйн нэгэн жишээ юм. Гавьяат тамирчин Д.Мөнхбаяр Германы нэрийн өмнөөс олимп, дэлхийн аваргад амжилт үзүүлсээр явна. Мөн “Арслан”-гаар овоглодог дасгалжуулагч Б.Баттулга Тайваньд чөлөөт бөхийн спортыг хөгжүүлэхэд багагүй хувь нэмэр оруулсан. Энэ мэтчилэн шилдгүүдийн араас Монголын тамирчид гадаадын легионер болох замнал эхэлсэн гэвэл ташаарсан болохгүй биз. Хэдхэн хоногийн өмнө жүдо бөхийн шилдгүүдийн нэг Б.Хишигбаяр Сингапурыг зорьжээ.

Түүнийг дэлхий дахинд мэднэ. Хэдийгээр шилдэг ч гэлээ дотоодын өрсөлдөөнд дээшээ гарч ирж чадалгүй өнөөдрийг хүргэсэн. Жүдо бөхөөр 10 гаруй жил хичээллэхдээ олимп, дэлхийн аваргад нэг ч удаа оролцож үзээгүй тэрээр арга буюу Сингапурыг зорих болов. Тус улс нь Азийн таван бар гэгдэх боловч жүДо, чөлөөт бөх гэх мэт спортоор хөгжлөөр доогуур байр суурьтай. Тиймээс гаднын шилдгүүдийг өөрийн улсын нэрийн өмнөөс барилдуулах бодлого барьж эхэлжээ. Тодруулбал, Б.Хишигбаяр Сингапурын нэрийн өмнөөс тив, дэлхийн аваргад оролцох нь. Тэгвэл олон улсын хэмжээний мастер Г.Отгонцэцэг ч мөн Казахстаны нэрийн өмнөөс олимп, дэлхийн аваргад өрсөлдөхөөр болов.

Казахстанд жүдо бөхийн спорт ид хүчээ авч байгаа ч эмэгтэй бөхийн хөгжил тааруу. Тэгэхээр Г.Отгонцэцэг тус улсын эмэгтэй жүдо бөхийн хөгжилд том хувь нэмэр оруулах нь. 2015 оны жүдогийн ДАШТ-ийг нутагтаа зохион байгуулах эрхтэй болсон казахууд том тэмцээний өмнө шийдэмгий алхам хийж сул жингуүддээ легионер тамирчдаар хүчээ зузаатгах бодлого барьж байгаа нь энэ аж. Ер нь мөнгөтэй атлаа спортын хөгжил тааруу орнууд гаднын шилдэг тамирчдыг үнэ цохиж худалдаж авдаг бичигдээгүй хуультай. Уг хуулийн дагуу манай улсад спортын хувьсал ирж байна. Цаашид ч гэсэн тамирчдадаа ийм боломж олгохыг спорт сонирхогчид болон мэргэжилтнүүд дэмжих биз. Дэлхий Монголын тамирчдыг тоож эхэллээ. Харин бид энэ боломжийг алдах хэрэггүй.

 Б.ЗУЛ /ҮНДЭСНИЙ ШУУДАН/

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …