Алтан соёмбот Монголын далбааг ашиглан далайн тээвэр хийдэг хөлөг онгоцнууд гэмт хэрэг хийх явдал гарсаар л байна. Малайзийн Цагдаагийн газраас энэ сарын 16-нд архи согтууруулах ундаа хууль бусаар хил нэвтрүүлэх гэсэн хэргээр Монголын далбаатай хөлөг онгоцыг саатуулжээ. Нийт 1.2 сая долларын хууль бус бараа хураан авсан гэж “БЕРНАМА” агентлаг мэдээлсэн байна.
Малайзийн эргийн хамгаалалтын албаны төлөөлөгч Мустафа Камаль Абдул “Өмнөд Жохор мужийн эргийн орчим явж байсан Монголын далбаатай хөлөг онгоц их хэмжээний хориотой бараатай яьж байсныг илрүүлэн баривчилсан. Сингапураас Индонезийн Думай хот руу явж байсан гэх энэ онгоцонд үзлэг хийхэд бичиг баримтан дээр бүртгэлтэй байсан тосны оронд 7840 хайрцаг виски, ром дарс байсан” гэж мэдэгджээ.
Хөлгийн багийн 23-54 насны зургаан гишүүнийг баривчлан саатуулсан байна.
Эх сурвалж: http://world.time.mn/
М.Сугар-Эрдэнэ