Өнгөрсөн амралтын өдөр хакерууд Америкийн “New York Post” сонин болон “Нэгдсэн хэвлэлийн Олон улсын” /UPI/ агентлагийн твиттер хуудсанд нэвтэрч хэд хэдэн худал жиргээг нийтэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.
“New York Post” сонины хуудсанд хакерууд “БНХАУ-ын хөлөг онгоц АНУ-ын нисэх онгоц тээгч хөлөг онгоц руу пуужин харвав” гэсэн бол энэхүү жиргээнээс 30 минутын дараа хакерууд дахин нэг худал жиргээг байршуулжээ.
Тус жиргээнд “Америкийн Төв банк бодлогын хүүгээ бууруулахаар төлөвлөсөн” гэж мэдээлжээ. Энэхүү мэдээллүүд 10-15 минутын дараа устгагдсан байна. “UPI” агентлагийн хуудсанд хакерууд “Дэлхийн III дайн эхэлсэн” гэж Ромын хамба ламтан Францисийн өмнөөс худал мэдэгдлийг нийтэлжээ.
“New York Post” сонин энэхүү хэргийн шалтгааныг илрүүлэхээр тусгай мөрдлөгийн баг гаргасан гэж “Ройтерс” агентлагт ярьжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон нар кибер орон зайн аюулгүй байдлын асуудлаар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсны дараахан дээрх кибер халдлага болжээ.
О.Мөнхдуулга